Уншиж байна ...
  • Редакцын бодлого

iKon.mn сайт Монголд анх удаа мэдээллийн веб сайтын үйл ажиллагааны бодлогоо танилцуулж байна.

Энэ нь ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч нартаа үлгэр болж, технологийн болоод хэвлэл мэдээллийн салбарт түүчээ байх бидний эрхэм зорилгын нэгэн биелэл юм.

Та бүхэнд Мэдээний нүүр хуудаст нийтлэгдэж буй бүх төрлийн контент дахь нийтлэлийн болоод үйл ажиллагааны бодлогоо танилцуулж байна.

Үүнд:

НЭГ. НИЙТЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОДЛОГО

  • 1. Ерөнхий бодлого
    • 1.1 iKon.mn сайт нь аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус, олон нийтийн дуу хоолойг илэрхийлсэн, мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллахыг эрмэлзэнэ.
    • 1.2 Мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандаж, олон нийтийн индэр байна.
  • 2. Мэдээллийн агуулга
    • 2.1 Контентийн агуулга нь дотоод, гадаадын нийгэм, улстөр, эдийн засаг, спортын цаг үеийн болоод тойм, дүгнэлт, мэдээ, сурвалжилга, ярилцлага мэдээлэл байх ба соёл урлагийн салбарыг үргэлж дэмжин ажиллана.
    • 2.2 Мэдээлэл боловсруулж нийтлэхдээ бид орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагатай хөл нийлүүлэн техник, технологи, дата мэдээлэл боловсруулах шинэ арга техникүүдийг ашиглахыг чармайн ажиллана.

ХОЁР. МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖТАЙ ХЭРХЭН АЖИЛЛАХ

  • 1. Олон талт эх сурвалж
    • 1.1 iKon.mn Мэдээний нүүр хуудаст тэнцвэртэй, олон байр суурийг хүргэх үүднээс тал бүрийн эх сурвалжийг ашиглах ба ингэхдээ Монгол улсын Зохиогчийн эрхийн хуулийг сахиж ажиллана.
    • 1.2 Редакц нийтлэлийн бодлогын хүрээнд өөрсдөө контент боловсруулж, бэлтгэхээс гадна тал бүрийн эх сурвалж болох гэрээтэй сонин, телевиз, сайт, сэтгүүлч, байгууллага хамт олны мэдээллийг сэтгүүл зүйн шаардлагыг үндэслэн нийтэд түгээнэ.
    • 1.3 Редакцдаа мэдээлэл боловсруулахдаа тухайн асуудлаар заавал хоёр ба түүнээс дээш эх сурвалжаар баталгаажуулсны дараагаар мэдээллээ нийтэд түгээнэ.
  • 2. Санал асуулга
    • 2.1 Мэдээллийн гол эх сурвалж уншигч, хүлээн авагчид байх бөгөөд тэдний дунд явуулсан санал асуулга мэдээллийн нэгэн чухал эх сурвалж байна.
  • 3. Электрон шуудан
    • 3.1 iKon.mn бүх төрлийн мэдээллийг info@ikon.mn хаягаар болон сэтгүүлч, редакторын албаны цахим хаягаар хүлээн авна.
    • 3.2 Хувь хүн, байгууллагаас ирсэн мэдээллийг хүлээн авсан тухайгаа болон тухайн агуулгыг нийтэд заавал түгээх эсэхэд тодорхой хариуцлага хүлээхгүй бөгөөд гэрээтэй хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүмүүстэйгээ энэ тал дээр хэрхэн хамтран ажиллахаа тохиролцоно.

ГУРАВ. СЭТГҮҮЛЧДИЙН ЁС ЗҮЙ

  • 1. Сэтгүүлчийн ёс зүйг хэрхэн ойлгох
    • 1.1 iKon.mn –ийн үндсэн сэтгүүлчид Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримталж ажиллахыг эрмэлздэг. (Энэхүү зарчимтай ЭНД дарж танилцах боломжтой)

ДӨРӨВ. ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  • 1. Хууль дүрмийг чандлан сахина
    • 1.1 iKon.mn хэвлэн нийтлэхдээ Монгол Улсын холбогдох хууль дүрэм, журмыг ерөнхий мөрдлөг болгон ажиллана. Ингэхдээ хуулийн хүрээнд хэвлэн нийтлэх эрхийг гажуудуулсан зүйл, заалт бүрийг өөрчлөх, сайжруулах эрмэлзэлтэй ажиллана.
  • 2. Хуулийн хариуцлага хүлээх тухай
    • 2.1 iKon.mn Мэдээний хуудсанд нийтлэгдсэн контент бүрт хариуцлага хүлээх үүрэггүй.
    • 2.2 iKon.mn Мэдээний нүүр хуудаст бичсэн уншигчийн сэтгэгдэлд иргэний сэтгүүл зүйг хүндэтгэн үзэж холбогдох хуулийн байгууллага, хувь хүн, байгууллага, хамт олон, иргэдийн гомдлыг хүлээн авч барагдуулахаас өөрөөр хариуцлага хүлээхгүй.
  • 3. Эх сурвалжаа нууцлах тухай
    • 3.1 iKon.mn –ийн Мэдээний нүүр хуудаст нийтлэгдсэн мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
    • 3.2 iKon.mn мэдээ, мэдээллийн эх сурвалжийн баталгаатай баримт нотолгооны эх хувийг архивлаж, шаардлагатай тохиолдолд эх хувийн хуулбарыг ашиглана.
  • 4. Сэтгүүлчдийн болон мэдээллийн системийн аюулгүй байдал
    • 4.1 iKon.mn сэтгүүлчдийн аюулгүй байдал, мэдээллийн системийн аюулгүй байдалд байгууллагын дотоод журмын дагуу холбогдох горимуудыг мөрдлөг болгон ажиллана.

ТАВ. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ

  • 1. Олон нийтийн сүлжээнд хандах хандлага
    • 1.1 iKon.mn олон нийтийн сүлжээгээр өөрийн контентуудаа түгээх ба ингэхдээ сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг баримтлан албан ёсны хуудсуудаар мэдээлэл түгээнэ. Албан ёсны хуудсуудад:

      Facebook: http://www.facebook.com/iKonNews
      Twitter: @ikonnews

  • 2. Сэтгүүлчид олон нийтийн сүлжээг ашиглах
    • 2.1 Сэтгүүлчдийн зүгээс олон нийтийн сүлжээнүүд дэх хувийн хуудсаараа өөрийн болон бусад агуулгыг түгээх эрхтэй. Ингэхдээ сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримтлан мэдээллийг түгээж, үзэл бодлоо илэрхийлэхийг эрмэлзэнэ.
    • 2.2 Олон нийтийн сүлжээн дэх хувь хүний үзэл бодол нь нийт байгууллага хамт олон болоод iKon.mn-ийн редакцын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохгүй.

ЗУРГАА. УНШИГЧДЫН СЭТГЭГДЭЛ

  • 1. iKon.mn –ийн Мэдээний нүүрэнд орсон уншигчдын сэтгэгдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд Монгол улсын холбогдох төр, захиргааны байгууллагаас гаргасан хууль, дүрэм журамтай нийцэн ажиллана.
  • 2. Уншигчдын бичсэн хувь хүн, байгууллага хамт олныг гүтгэн гүжирдсэн, нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан сэтгэгдлийг редакцын зүгээс болон уншигчдын санал гомдлыг үндэслэн системээс устгах эрхтэй.
  • 3. Түүнчлэн тухайн нийтлэлийн эх сурвалж, зохиогчийн эрх эзэмшигч аливаа мэдээлэлд уншигчдын сэтгэгдэл авах эсэхийг шийдэх давуу эрхтэй.

Та санал сэтгэгдэлтэй холбоотойгоор манай сайтын info@ikon.mn хаягаар мэдээлэл өгөх боломжтой.

ДОЛОО. ХАРААТ БУС БАЙДАЛ БА ЗАР СУРТАЛЧИЛГАА

  • 1. iKon.mn аливаа төлбөртэй, сурталчилгааны мэдээллийн эх сурвалжийг уншигчдад тодорхой үзүүлнэ. Үүнийг:
    • • Бизнес мэдээ
    • • Төлбөртэй мэдээ
    • • Сурталчилгаа
    гэж харуулна.
  • 2. Төрийн байгууллага, албан тушаалтантай хамтран ажиллах.
    • 2.1 iKon.mn төр, захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сурталчлах мэдээлэл түгээх тал дээр нээлттэй байр суурьтай ажиллана.
    • 2.2 Хамтран ажиллагч төрийн байгууллага, хамт олон, албан тушаалтан iKon.mn-ийн нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцох эрхгүй ба редакцын хамт олонд шахалт үзүүлэх, ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хатуу хориглоно.
    • 2.3 Тухайн байгууллага, хамт олон, албан тушаалтны мэдээллийг нийтлэхдээ төр захиргааны байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авах, санал гомдлыг хүлээн авах үүргийг iKon.mn-ийн редакц хүлээхгүй ба хамтран ажиллагч түншүүдийг тодорхой эх сурвалж гэж хандана.
  • 3. Бизнесийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах.
    • 3.1 iKon.mn бизнесийн байгууллага, хамт олон, хувь хүмүүстэй зар сурталчилгааны чиглэлээр нээлттэй хамтран ажиллах ба ингэхдээ бизнесийн хамтын зарчмыг хүндэтгэн захиалагч талын хүсэлтүүдийг хүндэтгэн үзнэ.
    • 3.2 Бидэнтэй түншлэгчид iKon.mn Редакцын бодлогын 7.2.2, 7.2.3 –т заасны дагуу хөндлөнгөөс оролцох эрхгүй ба редакцын хамт олонд шахалт үзүүлэх, ашиг сонирхлын харилцаа үүсгэхийг хатуу хориглоно.
  • 4. Сонгуулийн сурталчилгаа.
    • 4.1 iKon.mn Ерөнхийлөгч, УИХ, Орон нутаг зэрэг бүх шатны сонгуулийн сурталчилгааг хуульд заасанд хугацаанд төр захиргааны байгууллага, улс төрийн нам, эвсэл, бие даагч, нэр дэвшигчидтэй ижил тэгш, нээлттэй зарчмаар хамтран ажиллана.
    • 4.2 Бизнесийн зарчмыг үндэслэн анхдагч гэрээлэгч талын эрхийг илүү хүндэтгэн үзнэ.
    • 4.3 Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчтэй мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалах үүднээс нийлүүлэх контентод тухайн үед мөрдөгдөж буй зар сурталчилгааны үндсэн үнийн дүнгээс 100%-ийн нэмэгдэлтэй тарифаар хамтран ажиллана.