Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

#НүүдэлШийдэл: "Ипотек бол халамж биш, ажилтай орлоготой иргэдээ дэмжих хуримтлалын хөтөлбөр юм"

Ч.Болортуяа
2019 оны 10 сарын 31
iKon.MN

"Тэнхлэг зууч" үл хөдлөх хөрөнгийн компанийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод 35, орон нутагт 12 мянган иргэн буюу ойролцоогоор 50 мянга орчим иргэн орон сууц худалдан авах чадамжтай, хүсэлтэй байгаа ч тохирох зээлийн бүтээгдэхүүн байхгүй учраас байртай болж чадахгүй байна гэсэн судалгаа байгаа юм.

Нөгөө талд буюу барилгын салбарт мөн ойрын гурван жилд 38 мянга орчим орон сууцны нийлүүлэлт хийх боломжтой байна.

Харамсалтай нь иргэдэд тохиромжтой орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэр, санхүүжилт байхгүй байна. Хэдийгээр 8 хувийн зээлд Монголбанк, Засгийн газар, арилжааны банкууд тодорхой хэмжээний санхүүжилт зарцуулж байгаа ч энэ нь хангалтгүй, иргэд зээл авч чадахгүй байна гэсэн шүүмжлэл их бий.

2020 оны улсын төсвийн төсөлд ч Засгийн газар ипортекийн зээлийн санхүүжилтээ бууруулах төсөв оруулж ирээд байна.

Монголын Ипотекийн Корпорацийн өгсөн мэдээллээр Улаанбаатар дахь ипотекийн зээлтэй нийт иргэний 47% нь гэр хороололд амьдарч байгаад орон сууц руу шилжсэн иргэн байгаа гэлээ. 

Мөн орон сууцны зээлдэгчдийн худалдан авсан байрны дундаж талбай нь 45м2 байгаа нь одоогийн найман хувийн хөтөлбөрийн анхны зорилт буюу дундаж давхарга, дунджаас доош давхаргыг онилсон зорилго биелэгдэж буйг харуулж буй юм.

Монголбанкнаас мэдээлж буйгаар 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 95,187 зээлдэгч нийт 4.5 их наяд төгрөгийн ипотекийн зээлтэй байна. Үүнээс найман хувийн хөтөлбөрийн эх үүсвэрээр 70,910 зээлдэгч 3.4 их наяд төгрөгийн зээл авчээ. 

Нэгэнт иргэдийн эрэлт байгаа үед Засгийн газар яагаад хөтөлбөрийн санхүүжилтээ бууруулах төсөл оруулж ирсэн зэрэг асуудлаар Монгол ТВ телевизийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлэг ээлжит хэлэлцүүлгээ Даваа гарагт хийлээ.

 

Нэвтрүүлэгт оролцогчдын ярьсан онцлох эшлэлүүдийг та бүхэнд хүргэж байна. 

"БХБЯ-ны яамнаас 2020 онд ипотекийн зээлийн санхүүжилтийг 265 тэрбум төгрөгөөс доошгүй байх саналыг тавьсан ч..."
 

БХБЯ-ны бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат

  1. Өнөөдрийн байдлаар УИХ-аар 2020 оны төсвийн төсөл хэлэлцэгдэж байгаа. Үүнд ипотекийн зээлд зарцуулагдах хөрөнгийн эх үүсвэрийг 60 тэрбум төгрөгөөр оруулж байгаа ч эцэслэн батлагдаагүй байна.

  2. БХБЯ-ны яамнаас 2020 онд ипотекийн зээлийн Засгийн газраас шийдэх санхүүжилтийг 265 тэрбум төгрөгөөс доошгүй байх саналыг тавьсан.

  3. Гэхдээ төсвийн төслийг Сангийн яамнаас өөрсдөө тооцоолж гаргах ёстой, манай яамнаас тавьсан саналын дагуу шийдэх тухай хуулийн зохицуулалт байхгүй.

  4. НОСК-аас гаргасан судалгаагаар нийслэлийн хэмжээнд 386,000 өрх амьдарч байна. Үүнээс 290,000 өрх орон сууцныхаа хангамжийг дээшлүүлэх хүсэлтэй байгаа юм байна. Үүнээс 48,000 өрх зөвхөн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй гэж байгаа юм.

  5. Орон сууцны хангамжаа сайжруулах хүсэлтэй 290,000 өрхийн 42,000 нь орон сууц худалдан авах боломжтой хэсэг байна.

  6. Бид цаашид ипотекийн санхүүжилтийн схемээ олон хувилбараар тооцож, оновчтой хувилбарыг сонгох ёстой.

  7. Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах асуудалд байнга анхаарал хандуулж байгаа. Жишээ нь Засгийн газраас 150,000 айлын орон сууц үндэсний хөтөлбөрийг баталсан. 2023 он хүртэл хэрэгжүүлэх гэж байна. Мөн түрээслээд өмчлөх хэлбэрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа.

  8. Ипотекийн хөтөлбөрийн шинэ журмын хүрээнд амины орон сууцанд зээлийн санхүүжилт хийх боломжтой болсон ч өнөөдрийн байдлаар ердөө 52 иргэн ийм төрлийн зээл авсан байна. Судалгаагаар иргэдийн дийлэнх нь орон сууц худалдан авах хүсэлтэй байна. Нөгөө талд банк ч бас эрсдлээ тооцож байх шиг байна.

"Ипотек бол халамжийн биш, ажилтай орлоготой иргэдээ дэмжих хуримтлалын хөтөлбөр юм"
 

Эдийн засагч С.Болд

  1. 2012 оноос эдийн засгийн гадаад орчин муудсан. Ийм орчинд мөнгөний нийлүүлэлтийн валют хэсэг огцом буурч байсан. Энэ үед 1-рт үүнд чиглэсэн эдийн засгийн шинэчлэл хийх хөтөлбөр, 2-рт гадаад шокын эдийн засаг дахь нөлөөллийг бууруулахын тулд дундаж давхаргад чиглэсэн хөтөлбөрийг эхлүүлсэн.

  2. Ипотек бол халамжийн хөтөлбөр биш. Дундаж давхарга гэдэг нь ажилтай орлоготой хүмүүст зориулсан, тэдний хуримтлалыг нэмэгдүүлэх агуулга бүхий хөтөлбөр юм.

  3. Санхүүжилт нь Төв банкны тухай хуульд заасны дагуу Төв банкнаас банканд олгох зээл хэлбэрээр, уг зээлийн багцын эсрэг Монголын ипотекийн корпораци үнэт цаасжуулаад, уг үнэт цаас нь Монголбанканд буцаад ирэх хэлбэрээр өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой хөтөлбөр.

  4. Төв банкны балансаас Засгийн газарт шилжүүлнэ гэдэг нь энэ хүрээнд үүссэн 3.5-4 их наяд төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын балансад шилжүүлж, тэтгэврийн сангийн тогтолцоотойгоо уялддаг схемийг бид 6 жилийн өмнө төлөвлөж байсан.

  5. 2012 оны эцэст 14 хувийн инфляцтай үед энэ хөтөлбөрийг ярьж байсан. Ипотекийн хөтөлбөрийг 2013 оны 6-р сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь инфляцийг бууруулахад шууд нөлөөлсөн.

  6. Монгол улс хоёр шатлалт банкны тогтолцоонд орсноос хойш 20 жил болоход дунджаас өндөр орлоготой өрхүүд ипотек аваад, 850 тэрбумын багцыг бүрдүүлсэн байдаг юм.  Энэ нь нэг жилд импортоор авдаг машины тооноос ч бага.

  7. Хэрвээ бид ипотекийг санхүүжилт талаас нь тогтвортой, эрэлт нийлүүлэлтийн зөрүү үүсгэхгүй авч явсан бол өнөөдөр инфляц илүү бага байх бололцоо байсан гэж боддог.

  8. Өндөр инфляц руу орж байгаа энэ нөхцөлд ипотекийн хөтөлбөр цаашид асуудалтай л болно.

  9. Нөгөө талд ипотекийн хөтөлбөрийг хийснээрээ инфляц замбараагүй өсчихөөгүй одоо 9 хувьтай байгаа. Ипотек байхгүй байсан бол инфляц бүр их байх байсан.

  10. Тухайн өрх автомашины оронд орон сууц худалдаж аваад сар бүр орлогынхоо 45 хувийг түүндээ төлнө гэдэг нь маш их ач холбогдолтой. Эдийн засгийн том агуулгаар нь яривал энэ бол мөнгөний урт хугацаатай нийлүүлэлтийг өсгөж байгаа хэрэг.

  11. Эдийн засагт мөнгөний нийлүүлэлт огцом агшиж байгаа үед Төв банк банканд зээл олгох замаар бодлогоо хэрэгжүүлж болдог.

  12. Төв банкны баланс ашигтай, ашиггүй нь эдийн засагт  үүссэн нөхцөл, хэрэгжүүлсэн бодлогоос нь хамаардаг зүйл.

  13. Төв банк бол бодлогын институц, бодлогын зардал гаргадаг газар.

  14. Бизнесийн байгууллага биш учраас дэлхий дахинд Төв банкийг заавал ашигтай ажиллахыг шаарддаггүй.

  15. Нийгмийн дундаж давхарга эдийн засагт тогтвортой эрэлт, тогтвортой өсөлтийг дэмждэг.

"Монголбанк орон сууцны зээлийг үргэлжлүүлэн санхүүлэх боломжтой. Монголбанк ашигтай ажиллахыг зорих нь утгагүй"
 

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян

  1. Орон сууц дангаараа хувь хүний өмч гэж тооцогддоггүй, нийгмийн өмч гэж тооцогддог. Тиймээс бид санаачилсан энэ зүйлээ нийгмийн хөтөлбөр гэж хэлэх дуртай.

  2. Орон сууцжуулах процесс маш эрчимтэй явагдах ёстой.

  3. Манай төрөөс барилга дээр хоёрхон төрлийн санхүүжилтийг хуулиар зохицуулж байгаа. Нэг нь шууд  худалдаж авах, нөгөө нь ипотекийн зээлээр худалдаж авах.

  4. Ипотек бол банкны тодорхой хувийн хүүтэй зээлж авдаг. Бидний санаачлаад байгаа хөтөлбөр бол түрээсээ төлж явж байгаад өөрийн болгодог ийм хэлбэр.

  5. Найман хувийн зээлийг анх хэрэгжүүлэхдээ Монгобанк 800 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж чадаж байсан. Тэгвэл одоо яагаад гаргаж чадахгүй байна вэ?

  6. Бүх дэлхий ертөнцөд зөвхөн дундаж давхаргаа онилсон хөтөлбөр явдаггүй юм байна. Жишээлбэл, манай урд хөрш БНХАУ-д ядуучууддаа зориулсан хөтөлбөрийг төр нь зорьж хэрэгжүүлдэг.

  7. Зөвхөн дунд давхаргын иргэдээ орон сууцанд оруулаад ядуу бүлгийн иргэдээ орхигдуулбал тэд хэзээ ч байранд орж чадахгүй.

  8. Монголбанк дунд давхаргад зориулаад 800 тэрбум төгрөг гаргаж чадсан юм чинь ядуу иргэддээ зориулаад тэр мөнгийг гаргачих л даа.

  9. Төв банкны ашгийг тэглэчихвэл арилжааны банкууд маш бага хүүтэйгээр зээл гаргах боломжтой.

  10. МАХН уг хөтөлбөртөө 450,000 өрхийг хамруулах хэрэгцээ шаардлага байна гэж үзэж байгаа.

  11. Орон сууцны хөтөлбөр бол хүнийг ядуурлаас гаргадаг хөтөлбөр.

"Улс төрчид, сайд дарга нарын компаниудын барьж байгаа барилгуудад л ипотекийн зээл гаргаж байна"
 

“Барилга.мн”-ийн ерөнхий захирал Г.Батсүх

  1. Ипотек өөрөө эдийн засагт ямар үр өгөөжтэй юм бэ гэхээр, барилгын салбарт ажиллаж байгаа 100 мянга гаруй хүн ажлын байраар хангагдана, үүний цаана өрхийн орлого нэмэгдэнэ. Барилгын салбарыг дагасан олон салбар хөгжинө.

  2. Өнөөдөр монголчууд барилгын материалынхаа 60 хувийг дотооддоо үйлдвэрлэж чадаж байна.

  3. Барилга дээр ажиллаж байгаа бүх ажилчин монголчууд байна.

  4. Ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхлэхэд барилгын болон туслах материал үйлдвэрлэгч компаниудад зээл олгосон.

  5. 2013 онд ипотекийн зээлд зориулж 1.5 их наяд төгрөг гаргаж байсан. Үүний нөлөөгөөр орон сууцны үнэ 30 хувиар өссөн. Гэхдээ орон сууцны үнийн хөөс 2017 онд бүрэн арилж, үнэ унасан.

  6. Гэхдээ орон сууцны үнэ буух нь тийм сайн үзүүлэлт биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Орон сууцтай болж чадахгүй байгаа олон иргэн байгаа учраас байрны үнэ буугаасай гэж яриад байдаг. 

  7. Өнөөдрийн нөхцөлд жирийн ард иргэд ипотекийн зээлийг авч чадахгүй байгаа.

  8. Улс төрчид, сайд дарга нарын компаниудын барьж байгаа барилгуудад л ипотекийн зээл гаргаж байна.

  9. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд байгаа компаниудад ипотекийн зээл ердөөсөө гарахгүй байна.

  10. Барилгын компаниуд заавал банкнаас зээл авч санхүүжилт гаргаж байж тухайн байранд 8 хувийн зээл олгогдох жишээтэй.

  11. Өөрийн хөрөнгөөр, эсвэл захиалагчийн хөрөнгөөр орон сууцаа барьж байгаа бол 8 хувийн санхүүжилтэд хамрагдах ямар ч боломжгүй болж байна.



Өнөөдөр монголчууд бид сайжруулсан түлш хортой эсэх, утаа багассан багасаагүй гэх мэт зүйлсийг тойрч хэлэлцсээр байна. Хэдийгээр утаа бага хэмжээгээр буурлаа ч агаарын бохирдол, хөрсний бохирдлын асуудал эцэслэгдэхгүй.

Бохирдлыг бууруулах цорын ганц шийдэл бол иргэд нь иженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууц эсвэл амины орон сууцанд амьдах явдал юм. Харамсалтай нь иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах буюу нийтлэг эрх ашгийг хангах ёстой засгийн газар маань орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтээ багасгасаар байна.

"Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн давталтын дугаарыг та бүхэн Ням гарагийн 17:20 цагаас Монгол ТВ телевизээр үзэх боломжтой.

Онлайнаар https://www.ori.mn/ сайтаас нөхөж үзэж болно.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.