Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

2020 онд Оросын зэсийн Быстринскийн үйлдвэр IPO гаргана

Г.Од
2019 оны 11 сарын 7
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Оросын Забайкалийн хязгаар дахь зэсийн Быстринскийн уулыг баяжуулах үйлдвэр нь 2020 онд IPO гаргахаар төлөвлөж буйг “Норникель” компанийн санхүүгийн зах зээл хариуцсан Дэд ерөнхийлөгч Алексей Захаров мэдэгджээ. IPO гаргах ажлын талаарх илүү нарийн мэдээлэл энэ оны эцсээр тодорхой болох аж. Урьдчилсан байдлаар, Москва,  Лондон, Шанхай, Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргахаар судалж байна. 

Ирэх оны сүүлч гэхэд Быстринскийн УБҮ нь бүрэн хүчин чадалдаа хүрэх учир IPO гаргах тохиромжтой гэж компани үзэж байна. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалт 2013 онд эхэлсэн бөгөөд 2017 онд эхний ээлж ашиглалтад орсон юм. Бүрэн хүчин чадлаар, жилд 260 мянган тонн зэсийн баяжмал, 2.9 сая тонн төмрийн хүдэр болоод 252 мянган унц алтны агуулга бүхий баяжмал тус тус үйлдвэрлэнэ. Бүтээгдэхүүнээ Хятад, Япон, Өмнөд Солонгосын зах зээлд экспортлох зорилттой.

Аравдугаар сарын 31-нд “Норникель” компани гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан байна. Энэ хугацаанд 372 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн бөгөөд Быстринскийн үйлдвэр нь нийт үйлдвэрлэлийг 6%-иар нэмэгдүүлсэн болохыг тайланд дурджээ. Тус компани 2019 онд нийт 430-450 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй.

“Норникель” компани Быстринскийн УБҮ-ийн 50%+1 хувьцаа эзэмшиж буй. 2016 онд тус үйлдвэрийн 13.33%-ийг хөрөнгө оруулалтын “Hopu Investment” сан багтсан Хятадын “Highland Fund” консорциумд 100 сая ам.доллараар, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани 275 сая ам.доллараар тус тус худалдан авч эзэмшиж байна. 

Быстринскийн УБҮ нь 1990 оноос хойш Орост ашиглалтад орсон зэсийн хоёр дахь үйлдвэрт тооцогддог.

Зураг