Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой гурван хуулийн төсөл

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой хуулийг шинэчлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхлээд буй. Уг гэмт хэрэгтэй тэмцэх, шийтгэлийг нь чангатгах үзэл баримтлал бүхий гурван хууль УИХ-д өргөн баригдсанаас нэгийг нь буюу Х.Болорчулуун нарын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа билээ.

2019 оны байдлаар статистикийн мэдээгээр 1,096 удаагийн малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь нийт улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийн гурван хувийг дангаараа эзэлж байгаа аж. 

Малын хулгайн гэмт хэргийн шийдвэрлэлтийн харьцуулсан судалгаанаас харахад хорих ялын биечлэн эдлүүлэлтийн хувь хэмжээ төдийлөн буураагүй боловч үүний хажуугаар хорихоос өөр төрлийн ял оногдуулах явдал түгээмэл байгааг хууль санаачлагчид судалгаандаа дурджээ. Олон тооны буюу хорин дөрвөн бог, найман бодоос доош тооны мал хулгайлсан тохиолдолд ихэвчлэн хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж байгаа нь малын хулгайчдыг өөхшүүлэх, давтан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлж байгаа аж. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа цээрлүүлэх ач холбогдлыг илүү анхаарах шаардлага бий болжээ. 

З.Нарантуяа нарын гишүүдийн болон Засгийн газраас өргөн барьсан хоёр хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа эдгээр гурван хуулийн төслийг нэгтгэх асуудал яригдах юм. Тодруулбал, хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй байгаа хоёр хуулийн төсөл тус бүрийг байнгын хороо болон чуулганаар дэмжсэн тохиолдолд, гурван хуулийг нэгтгэх ажлыг хийх юм байна. 

Одоо мөрдөгдөж буй мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой хуулийн заалтууд 

17.12 дугаар зүйл.Мал хулгайлах

1.Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар:

-Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.

-Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно.

1. Х.Болорчулуун нарын 25 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Х.Болорчулуун нарын 25 гишүүн өргөн барьсан юм. Уг хуулийн төсөлд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулах шийтгэлийг 3-8 жил болгон нэмэгдүүлж, таван бог нэг бодоос дээш тооны мал хулгайлсан бол олон тооны мал гэж үзэхээр тусгажээ.

Мөн бусадтай бүлэглэн, галт зэвсэг, тусгай бэлтгэсэн тоног хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйл, машин техник ашигласан бол хүндрүүлэх нөхцөл үүсэх аж. Түүнчлэн ашиг шимт, сонгомол /хурдан удмын адуу/ мал, сүргийг хулгайлан бол хүндрүүлэх нөхцөл гэж үзсэн байна. 

Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөлд одоо мөрдөгдөж буй хууль дахь нийтэд тустай ажил хийлгэх заалтыг хасах тухай тусгасан байна. 

2. Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн багц хууль дахь мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой заалтууд

Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн багц хуульд мөн л мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулдаг ялыг чангаруулах тухай тусгасан. Тодруулбал,  

17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл” гэснийг хасах,

17.12 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэснийг “улсын хилээр нэвтрүүлж” гэж, мөн зүйлийн тайлбар хэсгийн “хорин дөрвөн бог, найман бодоос дээш” гэснийг “арван хоёр бог, дөрвөн бодоос дээш” гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. 

Өөрөөр хэлбэл, нийтэд тусгай ажил хийлгэх шийтгэлийг хасаж, арван хоёр бог, дөрвөн бодоос дээших тооны малыг олон тооны мал гэж үзнэ хэмээн заажээ. 

3. УИХ-ын гишүүн З.Нарантуяа нарын өргөн барьсан Эрүүгийн хуулийн өөрчлөлт дахь малын хулгайтай холбоотой заалт    

Уг хуулийн төсөл нь нэг мал хулгайлсан ч хариуцлага тооцдог байх зохицуулалт оруулснаараа өмнөх хуулийн төслүүдээс онцлогтой. Өмнөх хоёр хуулийн төсөлд олон мал гэдэг ойлголтын тоог багасгасан бол З.Нарантуяа гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд өнчин ишиг хулгайлсан ч тохирох шийтгэлийг нь ногдуулдаг байхаар заажээ. 

Хулгайлсан малын тоо олон болох, бусадтай бүлэглэн, зэвсэг, техник ашигласан бол үүнийг дагаад ногдуулах ялын хэмжээ ч мөн нэмэгдэнэ. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж бага хэмжээний хохирол учруулсан бол Зөрчлийн хуулиар долоо хоногоос нэг сар хүртлэх хугацаагаар баривчлах, мөнгөн торгууль ногдуулах, нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт шийтгэл ногдуулах тухай тусгажээ. 
Энэ талаар хууль санаачлагчаас тодруулснаа хүргэе.

Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр “Уулзсан малчин болгон өнөөдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн мал хулгайлах гэмт хэрэг буюу 17.12 дахь заалтыг өөрчилж өгөөч гэдэг хүсэлт тавьдаг. Тиймээс өнгөрсөн жилээс судалгаа хийн, “Зундуйн Дорж” сантай хамтран нийт аймгаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Малчдаас 900 гаруй санал ирүүлсэн. Үүний үр дүнд Эрүүгийн хуулийн 17.12 дахь заалтыг өөрчлөх нь зүйтэй юм байна гэж үзээд хуулийн төсөл боловсруулан өргөн барьсан. Хуулийн төсөл дэх гол өөрчлөлтөөр гурван янзын ялын төрлийг оруулсан. 240-520 цаг нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас таван жил хүртлэх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 5-8 жил хүртлэх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэхчлэн ялын олон хувилбараас сонгож хэрэглэнэ. 

Олон мал гэж тооны хязгаар тавихаа больё. Нэг ишиг ч байлаа хүний юмыг хулгайлсан л бол учруулсан хохирлын хэмжээгээр ял нэмэгддэг байх зохицуулалтыг тусгасан. Үйлдсэн гэмт хэрэг, шийтгэл хоёр зохицсон байх ёстой гэдэг зарчмыг барьсан. Мөн олон цөөнөөс үл хамаарч тухайн малчны амжиргааны бүх малыг хулгайлж, хотыг нь харлуулсан бол хүндрүүлэх нөхцөл гэж үзье гэж байгаа юм. 

Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн барьсан хуульд үржил шимт, цөм сүрэгт тооцогдох мал хулгайлсан бол гэдэг заалт бий. Харин миний санаачилсан хуульд хурдан удмын адуугаа алдсан бол хэдэн саяар үнэлэгдэж байсныг нь баримт нотолгоотой гаргаад ир. Тэр хэрээр хохирлын хэмжээ нэмэгдэж, малын хулгайчид ногдох шийтгэл чангарна гэж байгаа. 

Мөн бага хэмжээний хохирол учруулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн хуулиар шийтгэх заалт оруулсан” гэлээ. 

З.Нарантуяа болон Х.Болорчулуун нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийн харьцуулалттай танилцана уу