Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрах зохицуулалтыг тусгасан юм.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн билээ.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа: Бусад оронд шашны баяруудыг яаж тэмдэглэдэг юм бэ.
Ажлын хэсэг н.Даваапүрэв: Дэлхийн олон улс орон өөрсдийн шүтдэг шашны баяраа тэмдэглэдэг. Үүнээс бурхан багшийн төрсөн өдрийг тэмдэглэдэг 21 улс байдгаас ес нь албан ёсны амралтын өдөртэй байдаг юм байна. Христын төрсөн өдрийг тэмдэглэдэг 160 орон байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Бурхан багшийн мэндэлсэн, сургааль номоо айлдсан өдөр, нирваан дүрийг олсон өдрүүдийг дүйчин өдөр гэдэг гэж ойлгодог. Энэ талын мэдээлэл өгөөч.
Христын мэндэлсэн өдрийн Монгол даяараа нижгэр тэмдэглэдэг. Исламын шашны рамадан баярт ч хүндэтгэлтэй ханддаг. Цаашдаа шашин, төрийн асуудлаа нэг мөр болгох шаардлага байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Бурхан багш эхийн хэвлийд оршсон, 36 насандаа гэгээрлийн хутгыг олсон, 81 насандаа нирваан дүрийг олсон гурван үйл давхцсан өдрийг их дүйчин өдөр гэж нэрлэдэг. Дүйчин өдөр гэдэг нь буян үйлдэх их цаг гэсэн утгатай.
Дэлхий нийтэд ард түмнийг амраадаг баярын хоног дунджаар 30 байдаг. Монголд энэ өдөр бага талдаа байдаг юм байна. Архи ууж тэмдэглэдэг баяр бидэнд олон байгаа. Тиймээс энэ баяруудаасаа нэгийг нь хасаж байгаад ч хамаагүй нэг өдрийг нь амралтын өдөр болгох зорилгоор энэ хуулийг санаачилсан.
УИХ-ын гишүүн А.Сүхбат: УИХ-ын чуулганы танхимд шашны асуудал яриад сууж байгаа нь хэр зохимжтой вэ. Монголд бурхны шашин, бөө мөргөл, ислам, христ гээд дөрвөн том урсгал байна. Энэ дотроос бурхны шашины тэмдэглэлт өдрийг хуульчилбал нөгөө бусад шашныг нь яах вэ. Шашин хоорондын мөргөлдөөн үүсэх вий. Энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй байна.
Бид шашны асуудалд болгоомжтой хандах ёстой. Уламжлалт шашин гэж буддын шашныг хэлэхгүй. Уламжлалт гэвэл бөө мөргөлийн шашин ч байна. Тиймээс энэ өдрийг заавал бурхан багшийн гэж онцгойлж авч үзэх шаардлагагүй. Яахав хүмүүжлийн, гэгээрлийн өдрийг нь гаргаад өгье. Өөрөөр нэрлэмээр байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: А.Сүхбат гишүүн хуулийн төслийг өргөн барьсан шаардлага, үндэслэлийг огт уншаагүй юм байна гэж ойлголоо. Энэ өдрийг тэмдэглэх тухай 400 мянган гаруй бурхны шашинтан Гандантэгчинлэн хийдээр дамжуулан хүсэлт ирүүлсэн. Энэ бол үндэслэл.
Яагаад буддын шашныг зонхилох шашин гэж үзэж байгаа вэ гэвэл Олон улсын шашны эрх чөлөөний тайланд 2010 оны байдлаар Монгол Улсын 15-аас дээш насны хүн амын 53 хувь нь өөрсдийгөө буддын шашинтан гэдгээ хэлсэн байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд буддын шашны тухай тодорхой заасан байгаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд уламжлалт бурхны шашныг сэргээх хөгжүүлэх, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслах, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэх ёстой гэж заасан байдаг.
Хууль гарлаа гэж бодоход Гандантэгчинлэн хийдийн зүгээс Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх, нийгмийн эрүүлжүүлэх чиглэлд ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг Д.Чойжамц хамбаас асууя. Энэ өдөр үнэхээр архигүй өдөр гэдгийг ямар үйл ажиллагаагаар нотолж чадах вэ.
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц: Энэ бол Монголын сүсэгтэн олон, сүм хийдүүдийн эрэлт хүсэлт юм. Хууль санаачлагчийн хувиар А.Сүхбат гишүүний үгэнд жаахан гомдолтой байна. Дүйчинг тэмдэглэх ажлыг бид олон зууны турш хийж ирсэн. Сүм, хийддээ хийдгийг ард түмэн мэднэ. Шүтлэгтнүүдийн хувьд энэ өдрийг бусад шашинтай хүмүүстэйгээ хамт тэмдэглэе гэдэг санал санаачилга байдаг.
Бидний баяр гэдэг ойлголт буруудсан юм. Тиймээс баярын утга учрыг сайхан гаргая, буян хураадаг, сайн сайхан зүйл хийдэг өдөр болгоё гэж байгаа юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төрөөс шашины хууль гаргахдаа дэмжсэн, эсэргүүцсэн байдлаар хууль гаргаж болдоггүй юм. Олонх гэж өөрсдийгөө нэрлээд байгаа боловс яг жинхэнэ буддист биш. Бурхны шашинт хүн сахил санваараа гэнэн, гэцэл гэдэг цол аваад эд хөрөнгөд шунадаггүй, архи уудаггүй, худлаа ярьдаггүй, эхнэр авдаггүй. Олонх, зонхилох, уламжлалт гэж юуг нь хэлээд байгаа юм. Би уламжлалт шашин шүтдэг. Энэ хуулийг гаргаснаар Монгол Улс Буддын бүгд найрамдах улс гэдгээ тунхаглах гэж байна.
Миний аав ээж буддын шашинтай, ах эгч маань бөөгийн, би өөрөө христын шашинтай. Тэглээ ч бид эв найрамдалтай амьдарч байна. Та нар ийм хууль баталснаар Монгол Улсыг хагалан бутаргаж, үндэсний аюулүй байдлыг бусниулах гэсэн аймшигтай юм хийж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!