Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бурхан багшийн Их дүйчин өдөр бүх нийтээр амрахыг гишүүд дэмжив

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ. 

Д.Оюунхорол нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгож, бүх нийтээр амрах тухай тусгасан билээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Амарч ханалаа, одоо ажлаа хий гэх шүүмжлэл байна. Энэ бол амралтын өдөр шинээр нэмж байгаа хэрэг огт биш. Гадны орнуудад шашны баярууд олон бий. Монголд яагаад ийм баяр болдоггүй вэ гэдэг асуудлыг сүсэгтэн олон тавьж байна. 

Олон улсад энэ өдрийг энх тайван, ёс суртахуун, эрдэм ухаан, энэрэл, түүх соёлоо дээдлэх шашин, соёлын баяр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр буян, нүглээ дэнсэлдэг, өөрийгөө сэтгэлзүйн толинд хардаг, архи уухгүй, гэр бүлийн хүчирхийлэл хийхгүй тэвчдэг сэтгэл зүй, хүмүүжлийн ач холбогдолтой. Юу ч гэж хэлэгдсэн би энэ өдрийг тэмдэглэх нь зөв гэж бодож байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Энэ хууль нь Үндсэн хууль болоод бусад хуулиудтай утга агуулгын хувьд зөрчилдөхгүй байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 364 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс буддын 134, христын 196, исламын 24, бусад 10 гэсэн судалгаа байна. 2018 оны долоодугаар сарын байдлаар Монгол Улсын хүн амын 53 хувь нь буддын шашин шүтдэг, гурван хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христ, 38.6 хувь нь шашин шүтдэггүй гэсэн байна. 

Амралтын өдөр хэт олон болоод байна гэсэн шүүмжлэл бий. Үүн дээр хийсэн судалгаа байдаг юм байна. Монгол Улсад бүх нийтээр амрах өдөр найм байдаг бөгөөд жилд 14 хоног амардаг. БНХАУ-д амратын өдөр найм, 26 өдөр амардаг. ОХУ мөн адил найман өдөртэй бөгөөд амардаг өдрийнх нь тоо 15. Үүнтэй харьцуулахад манай баяр, амралтын өдрийн тоо дундаж хэмжээнд байгаа. 

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороогоор Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэлт өдөр болгон бүх нийтээр амрах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах эсэхийг шийднэ.