Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Банкны 4,500 ажилтан нэг сарын дотор “Ид шидтэй ах эгч” болжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
 

Өмсөх хувцас, идэх хоол, амьдрах орон байраар гачигдаж, эрүүл аюулгүй орчинд өсөж торних, сурч боловсрох эрх нь зөрчигдөж буй бяцхан хүүхдүүдийн эрхийг хамгаалах зорилготойгоор “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон” төслийг санаачлан хэрэгжүүлээд буй.  

ХААН Банк энэхүү төслийг дэмжин анх 2017 онд ажилтнууд болоод компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангийн дэмжлэгээр 10 сая төгрөг хандивлаж байсан бол 2019 онд манлайлагч, амжилт өөд тэмүүлэгч залуусын төлөөлөл болсон “Signature” харилцагчдаа “Ид шидтэй ах эгч” болохыг уриалан 1,700 залуус ХААН Банкны хуримтлалын үйлчилгээг ашиглан энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэн юм. 

Тэгвэл энэ удаа илүү өргөн хүрээг хамран, олон хүнийг эгнээндээ нэгтгэх зорилгоор 2019 оны есдүгээр сарын турш ХААН Банк нийт ажилтнууддаа “Ид шидтэй хамт олон” болохыг уриалснаар өдгөө нэг сарын дотор нийт 4,500 ажилтан нь “Ид шидтэй ах эгч” болж чаджээ. 

Үүнээс гадна Монголын хувийн хэвшлийн гурав дахь том ажил олгогч байгууллага болох ХААН Банк “Ид шидтэй хамт олон” санаачилгыг гаргаж, бусад аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалан, давалгаа эхлүүлээд байна.

Энэхүү давалгааг хамгийн түрүүнд “Таван Богд” группийн удирдлагууд дуу нэгтэйгээр хүлээн авч, ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл шилжин явах тугийг тус группийн Хүний нөөц хариуцсан захирал И.Баттуяад гардуулан өгсөн юм.

“Ид шидтэй хамт олон” болж байгаадаа үнэхээр их баяртай байна
 

ХААН Банкны гүйцэтгэх захирал Жон Белл “ХААН Банк Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын ирээдүйн сайн сайхны төлөө чиглэсэн “Ид шидийн орон” төслийг хамт олноороо дэмжин хувь нэмрээ оруулж, “Ид шидтэй хамт олон” болж байгаадаа үнэхээр их баяртай байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд бид дотооддоо “Ид шидтэй ХААН Банк” зорилтот төсөл хэрэгжүүлж, өнөөдөр энэ сайхан санаачилга 100 хувь бодит ажил хэрэг болж, Монголын мянга мянган үрсийн ирээдүйг гэрэлтүүлнэ гэж бодож байна" гэв.

“Таван Богд” группийн хүний нөөц хариуцсан захирал И.Баттуяа “ХААН Банкны хамт олноос санаачлан хэрэгжүүлж буй "Ид шидтэй байгууллага" хэмээх энэ сайхан хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжийг бидэнд олгож, санал тавьсанд юун түрүүнд их баяртай байна.

Бяцхан үрсийнхээ ирээдүйн төлөө хамт олноороо “ид шид”-ийг бүтээхээр энэхүү хөтөлбөрийг "Таван Богд" группийн 16 охин компанийн 3,000 орчим ажилтнуудынхаа хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж байна. Дараа дараагийн байгууллагууд ч мөн адил сайхан сэтгэлээр дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Туг гардуулах арга хэмжээний үеэр “Ид шидийн орон 2” төсөлд ХААН Банкны хамт олны зүгээс нэгэн гэнэтийн бэлэг барьсан юм. 

Учир нь тус хамт олон  “Ид шидийн орон 2”-ын номын сан, кофе шопыг иж бүрэн тохижуулж өгөх сайхан мэдээг дуулгаж, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхланд  хүүхдийн төлөө хийж буй гэгээн үйлсэд нь амжилт хүссэн билээ.

 БИДНИЙ ГОЛ ЗОРИЛГО БАЙШИН БАРИХ БИШ, БАЙШИН ДОТОРХ ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ АМЬДРАЛД ГЭРЭЛ ГЭГЭЭГ АВЧРАХ ЯВДАЛ
 

“Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, “Ид шидийн орон” төслийг санаачлагч Ч.Ганжавхлан “Таван сарын өмнө тэгээс эхэлсэн “Ид шидийн орон 2”–ын маань барилгын ажил өнөөдөр 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

Бид энэ эрчээрээ санхүүгийн асуудлаа зогсоохгүй явж чадвал 12-р сарын сүүлийн долоо хоног гэхэд “Ид шидийн орон”-ы барилгынхаа гаднах орчныг бэлэн болгоод нээлтээ хийх боломжтой гэж харж байгаа. Харин үйл ажиллагааны хувьд бэлтгэл ажил их шаардлагатай учраас ирэх жилийн хавраас хүүхдүүдээ хүлээж авна гэж найдаж байна.

Гэхдээ бидний гол зорилго байшин барих биш, байшин доторх хүүхдүүдийнхээ амьдралд гэрэл гэгээг авчрах тул урсгал зардал гэх хамгийн том сорилт бий. 

Энэ сорилтыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж, ХААН Банкнаас санаачлан, сарын хугацаанд хамт олон нь 100 хувийн оролцоотойгоор нэгдэж, өдөрт 100 төгрөг хандивлаж “Ид шидтэй хамт олон” болсон сайхан мэдээг сонссондоо үнэхээр баяртай байна.

Хэн нэгний шахалтаар бус 100 хувь нэгдэж, нийгэмдээ үлгэр дуурайл үзүүлж байгаа нь гайхалтай түүхэн үйл явдал төдийгүй номын сан, кофе шопыг бүрэн тохижуулж өгөхөөр амласан нь хүртэл ид шид шиг санагдаж байна” гэв.

 

Нэмж дуулгахад ХААН Банкны хуримтлалын үйлчилгээг ашиглан “Ид шидтэй ах эгч” болоход ямар ч шимтгэл хураамжгүйгээр тогтмол хандив өргөх боломжтой юм.

Монголын ирээдүй болсон бяцхан үрсийнхээ ирээдүйд гэрэл гэгээ нэмж буй энэхүү төсөлд хувь нэмрээ оруулахыг ХААН Банкны удирдлагууд танд, мөн танай байгууллагад уриалж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.