Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн 15 барилгаас тав нь ашиглалтад оржээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 онд багтан 48 сургууль, 93 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эдгээрийн 15 төсөл нь Баянгол дүүрэгт хэрэгжиж байгаагаас таван барилга ашиглалтад оржээ. 

Гэрээт хугацаанд ашиглалтад орсон таван барилга:

  1. 13-р сургуулийн өргөтгөл-Нэг ээлжиндээ 320 хүүхэд хичээллэх хүчин чадалтай
  2. "Шинэ эхлэл" сургуулийн өргөтгөл-Олон улсын стандартад нийцсэн шалгалтын заал
  3. Ганзам сургуулийн спорт заал
  4. 47-р сургуулийн өргөтгөл- А, Б блокоос бүрдсэн 360 хүүхдийн суудалтай
  5. 100-р цэцэрлэгийн өргөтгөл-150 хүүхдийн ортой барилга юм.

Ингэснээр Баянгол дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилийн эхний нэг сард шинээр 150 хүүхэд цэцэрлэгтэй болж, нэг ээлжиндээ суралцах хүүхдийн суудлыг 680-аар нэмэгдүүлж байна.

Оноос өмнө ашиглалтад орох барилгууд

 

114-р цэцэрлэгийн өргөтгөл: 150 хүүхдийн ортой уг өргөтгөлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад орно хэмээн хариуцсан инженер нь хэлж байсан ч сантехникийн холболтоос үүдэн ажил нь удааширсаар өдийг хүрчээ.

34-р цэцэрлэгийн барилга: 240 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга 95 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

"Сэтгэмж" цогцолборын барилга: 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ажлын гүйцэтгэл 70 хувь. Гэрээ ёсоор энэхүү барилга наймдугаар сарын 30-нд ашиглалтад орох ёстой байлаа. Гэвч ажил эхлэх зөвшөөрөл авахын тулд хоёр сарын хугацаа алдсан нь ийн удаашрах шалтгаан болсон хэмээн гүйцэтгэгч “Грийн ресурс” ХХК-ийн Талбайн инженер Б.Гэрэлсайхан хэлж байв.

66-р цэцэрлэгийн барилга: 240 хүүхдийн ортой өргөтгөлийн гүйцэтгэл 75 хувь байна.

30-р цэцэрлэгийн барилга: 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг мөн есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байлаа. Гэтэл зураг төслийн зөрүүгээс ажил хойшилж, одоогоор гүйцэтгэл 70 гаруй хувьтайгаар үргэлжилж байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээлэв. 

"Эрдмийн өргөө" цогцолборын өргөтгөл: Хөлбөмбөгийн талбайг үгүй хийлээ хэмээн дуулиантайгаар эхэлсэн өргөтгөлийн барилга нь нэг ээлжиндээ 640 хүүхдийн хичээллэх хүчин чадалтай. Газар шорооны ажлаа дөрөвдүгээр сарын 16-нд эхлүүлсэн бөгөөд одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Баянгол дүүргийн 9-р хороонд баригдаж буй сургуулийн барилга: Гэрээлсэн хугацаа нь аравдугаар сарын 31-н боловч шинэ сургуулийн барилга 50 гаруй хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна. Энэхүү сургууль нь нэг ээлжиндээ 640 хүүхэд хичээллэх боломж бүрдэх юм.

19 дүгээр сургуулийн барилга: Хуучин сургуулийг буулгаж, шинээр барих ажлын тендер оройтож зарлагдсан тул барилгын ажил хоцорч эхэлжээ. Одоогоор гүйцэтгэлийн явц 10 хувьтай байна. Сургууль ашиглалтад орсноор 640 хүүхдийн суудал нэмэгдэнэ.

Мөн Баянгол дүүргийн 21-р хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барихаар төсөвт суулгасан ч газар чөлөөлөхөд хүндрэл гарсны улмаас хойшилсон бол 13 дугаар цэцэрлэгийг буулгаж, шинээр барих тендерт маргаан үүсэж, шүүхэд шилжсэн тул барилгын ажил эхлээгүй байна. 

Баригдаж буй сургуулиуд ашиглалтад орсноор нэг ээлжинд шинээр 2,560 хүүхдийн суудал нэмэгдэх буюу хоёр ээлжинд 5,120 хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч боловсорно. Харин Баянгол дүүрэгт цэцэрлэгийн ор 780-аар нэмэгдэнэ.