Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын 1-нээс өмнө шинэ байр нь ашиглалтад орохгүй болсон Сэтгэмж цогцолбор дахин гурван ээлжээр хичээллэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

“Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө өргөтгөлөө хүлээж авахгүй бол дахиад л гурван ээлжээр хичээллэж, багш нар корридортоо сууж, ажиллана...” 

МҮОНРТ-ийн чанх ард Сэтгэмж цогцолбор сургууль бий.

2018-2019 оны хичээлийн жилд 1,719 сурагч төгсгөсөн тус сургуульд ирэх жил 240 хүүхэд нэгдүгээр ангид элсэхээр бүртгүүлжээ.

“Манайх гурван ээлжээр хичээллэдэг сургууль. Өнгөрсөн жил хичээлийн төв байраа нурааж, шинээр барьж эхэлсэн. Шинэ хичээлийн байртай болж байгаад бид бүгд баяртай байгаа ч барилгын ажил удааширч, хугацаандаа ашиглалтад оруулах боломжгүй болж байх шиг байна” хэмээн Сэтгэмж цогцолбор сургуулийн захирал О.Мөнхтуяа хэлж байв.

Харин Сэтгэмж цогцолборын хичээлийн байрыг барьж буй “Грийн ресурс” ХХК-ийн Талбайн инженер Б.Гэрэлсайхан удааширч буйн шалтгааныг “Ажил эхлэх зөвшөөрөл авахын тулд хоёр сарын хугацаа алдсан. Тэр хугацаагаа нөхөж чадаагүйгээс ашиглалтад орох хугацаа хойшлох магадлалтай байна. Мөн барилгын улирал эхэлсэн тул гадуур блок хомсдолтой байгаа” хэмээн тайлбарлалаа.

 

Биднийг барилгын талбайд очиход хичээлийн байрны А, Б блокийн каркасын ажил дуусаж, хүзүүвчийн каркасын хийх л дутуу байв. Харин өрлөгийн ажил дөрөвдүгээр давхар хүртэл үргэлжилж байв. 

Энэхүү шинээр баригдаж буй хичээлийн байр нь нэг ээлждээ 640 хүүхдийн хүчин чадалтай, хичээлийн анги танхимуудаас гадна урлаг заал, спорт заал, багш нарын өрөө, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөө зэргийг байгуулахаар төлөвлөгдөөд байгаа юм.

 

Гэрээ ёсоор наймдугаар сарын сарын 30-нд ашиглалтад өгөх ёстой ч дээрх шалтгаануудын улмаас аравдугаар сарын дунд үед ашиглалтад өгөх боломжтой хэмээн “Грийн ресурс” ХХК-ийн ажилтан хэллээ.

Барилгын явц одоогоор 60 гаруй хувьтай үргэлжилж, барилгын талбайд 30 орчим хүн ажиллаж байна.

Харин О.Мөнхтуяа захирал хугацаа хойшиллоо гэхэд аравдугаар сарын 1-нээс хэтрүүлэхгүй байхыг хүсэж байв. Учир нь тус сургуулийн хичээлийн байрыг актлахад спорт заал, урлагийн заалыг хамт нураасан тул биеийн тамирын хичээл орохоос эхлээд сурагчдын дунд урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахад ойролцоо байрлах 28, 40 дүгээр сургуулийн заалыг ашигладаг болжээ.

Энэ тухай тэрбээр “Биеийн тамирын хичээл орохын тулд багш нар маань амралтын өдрөөр хүүхдүүдээ аваад Баянгол дүүргийнхээ сургуулиудын аль чөлөөтэй байгаа зааланд очиж, хичээлээ ордог. Ихэвчлэн 28, 40 дүгээр сургуулийн заалыг ашиглаж байгаа. Хэрэв шинэ хичээлийн жил эхлэхэд хичээлийн байраа ашиглалтад авахгүй бол дахиад л гурван ээлжээр хичээллэх, багш нар маань корридортоо суух, сургуулиудын заал хэсэх, цайны газаргүй учир хүргэлтээр бага ангийн сурагчдын үдийн хоолыг авчрах зэргээр өмнө жилийн хүнд байдал үргэлжлэх болоод байна” хэмээсэн юм.

Түүнчлэн зай талбай бага сургуулийн ойр орчимд барилгын ажил явагдсаар байх нь хүүхдүүдийн аюулгүй байдал ноцтой эрсдэл үүсгэнэ гэдгийг ч мөн дурдлаа. 

 

Энэ мэтчилэн хичээлийн шинэ жил эхлэхээс урьтаж сургуулийн байрыг нь ашиглалтад оруулахгүй бол гурван ээлжээр хичээллэх байтугай хүндрэлүүд үргэлжилсээр байх сургууль хэд хэд байна.

Тиймээс барилгын компаниуд гэрээгээр хүлээсээн үүргээ ухамсарлаж, ажиллах хүчээ боломжийн хэрээр нэмэгдүүлэн барилгаа цаг тухайд нь хүлээлгэн өгөх нэн шаардлагатай байгаа юм.

Эс бол олон хүүхдийн эрх ашиг, аюулгүй орчин суралцах эрх хөндөгдсөөр байх нь.