Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Нансалмаа: 2019-2020 онд сургуулийн 56,000 суудал, цэцэрлэгийн 26,500 орчим ор шинээр нэмэгдэнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй төслүүдийн талаар тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаагаас тодрууллаа. 

-2019-2020 онд БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэгийн олон барилга барихаар төлөвлөсөн. Ингэснээр нийт хэдэн хүүхдийн суудал нэмэгдэхээр байна вэ?

-Манай яамнаас ирэх оныг дуустал 603 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Үүний 222 нь 2018 оноос шилжсэн бол 381 нь шинэ төсөл, арга хэмжээ. Төлөвлөж буйгаар 125 сургууль, 179 цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Ингэснээр 2019-2020 оны хичээлийн жилд нийт сургуулийн 56,000 суудал, цэцэрлэгийн 26,500 орчим ор шинээр нэмэгдэх юм. 

Харин 2019 онд багтаж 57 сургууль, 137 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс зөвхөн нийслэлд л гэхэд энэ онд 44 сургууль, 78 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс 22 сургууль, 67 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар байгаа юм.

Эдгээр бүтээн байгуулалт нь нийт 616.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй.

-Барилгын ажлын чанар, гүйцэтгэлд хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Яамнаас мэргэжлийн инженерүүдийг ажиллуулж байгаа бөгөөд тэд барилгын талбайд ажиллан хяналтаа тавьж буй. Мөн нийслэлд баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгад Барилгын хөгжлийн төв, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас, орон нутаг дахь барилгуудад Газрын харилцааны газар нь Барилгын хөгжлийн төвийн хамт хяналтаа тавьж ажиллаж байна. Түүнчлэн яамнаас байгуулсан ажлын хэсгүүд барилгын явц, гүйцэтгэлийн мэдээг тогтмол авахын сацуу өөрсдөө талбарт нь очиж танилцаж байгааг хэлэх хэрэгтэй.

-Газрын болон тендерийн маргааны улмаас зарим барилгын ажил эхэлж чадахгүй асуудал болоод буй. Энэ талаар тодруулахгүй юу?

-Шүүхийн маргаантай 6-7 барилга бий. Гүйцэтгэгч компани шалгарсны дараа үүссэн асуудал тул шүүхийн шатанд явж байна. Үүнээс гадна газрын асуудлаас болж нийслэлийн хэмжээнд 11 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж чадалгүй зогссон. Хөрөнгө нь шийдэгдэж, төсөвт суулгасан ч газар нь асуудалтай учраас ийм байдал үүссэн.

-Ойрын хугацаанд түрээсийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл байсан. Энэ талаар ярихгүй юу?

-Ачаалал ихтэй сургуулиудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор хувийн их, дээд сургуулийн анги танхимыг түрээслэх боломжтой эсэхийг судалж байна. Энэ талаарх судалгааг нийслэлээс манайд ирүүлсэн бөгөөд яамнаас ажлын хэсэг гаргасан.

-Та Баянгол дүүргийг хариуцсан Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буйн хувьд тус дүүрэгт хэдэн сургуулийн өргөтгөл, цэцэрлэг баригдаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийслэлийн хэмжээнд 2019 онд 22 сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулах юм. Үүнээс тав нь Баянгол дүүрэгт есдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.