Шахмал түлшний асуудлаар чөлөөт сэтгүүлчдийн төлөөлөл болох Б.Галсансүх, Б.Батхүү, Ч.Мөнхбаяр нар өнөөдөр "Монголньюс" төвийн байранд мэдээлэл хийлээ.
"Улс төрийн хүчнүүд бие биенийхээ алдаан дээр үргэлж тоглолт хийдэг тул санаа зовж, арга ядсандаа ийнхүү хэвлэлийн хурал хийж байна. Монголчуудын амь насан дээр дөрөөлж улс төр хийхгүй байхыг уриалмаар байна" хэмээн чөлөөт сэтгүүлч Б.Галсансүх мэдээллийн эхэнд хэлэв.
Чөлөө сэтгүүлч Б.Батхүү "Нэгэн үед Монголын сэтгүүл зүйд хамтран зүтгэж явсан бид бусад сэтгүүлчдээ төлөөлөн шахмал түлштэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхээр болсон.
Шахмал түлш нь яг үнэндээ утаажилтын эсрэг хийж байгаа хамгийн том ажил. Үр дүнгээ өгөөд, нутагшаад ирвэл асуудалгүй зүйл юм. Гэтэл бид хувь хүний хариуцлагагүй байдал, монголчуудын шинэ юманд дадаж дасахдаа эрсдэлд ордог зангаас болоод зөв зүйтэй хийгдэж буй үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан улс төр хийж, халуун амиа алдсан нэгний ар гэрийнхнийг нь хэцүү байдалд оруулж, шахмал түлш рүү бүх бурууг чихэж байгаа явдалд харамсаж байна.
Үеийн үед, аль ч нам нь ялгаа байхгүй нэгнийхээ хийсэн зөв зүйтэй үйл ажиллагааг улс төржүүлж, цөөхөн монголчуудынхаа амь насаар дэнчин тавьдгаа болимоор байна. Би өөрөө ч гэр хороололд амьдардаг. Шахмал түлшийг нь түлж үзсэн. Шахмал түлш хийгдээгүй байхаас өмнө хувь компаниудын хийсэн түлшийг ч хэрэглэж байсан. Өөрийн биеэр хэрэглэж байгаа хүний хувьд энэ шахмал түлш шаталтын хувьд ч тэр, халалтын хувьд ч тэр өөрчлөлт орсон юм байхгүй.
Хувь хүний хариуцлагаас л болж байгаа шүү дээ. Зуух, пийшингээ янзал. Ямар ч асуудал байхгүй гэдгийг энэ шахмал түлшийг түлж, ам бүлээ тэжээж яваа хүний хувьд хэлж байна. Иргэддээ нэмж хэлэхэд, эхлээд юмыг өөрөө хэрэглэж үз. Үзээгүй байж хэн нэгний бичсэн юмыг уншаад дэвэргэх зохимжгүй. Засгийн газрын хийж байгаа хамгийн зөв зүйтэй ажлын нэг болох хамгийн бага зардлаар, хурдан хугацаанд утаанаас салах энэ ажилд битгий саад тавиад бай" гэв.
Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр "2010 онд би утаанаас хохирогчдын холбоо байгуулах талаар санаачилж асуудал дэвшүүлсэн нийтлэл бичиж байсан. Үүнийгээ ажил хэрэг болгож чадаагүй ч одоо утааны эсрэг олон холбоо гарч ирсэнд баярладаг.
Өмнө нь маш олон хүн амиа алдсан. Нэг өдөр олноороо нас бараагүй болохоор төдийлэн анзаардаггүй. Цаашид утаанаас болж хэдэн мянгаараа үхэх ёстой юм бэ? Үүнээс сэргийлэх гэж л шахмал түлшний бодлогыг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн өвөл гэхэд амьсгалахын аргагүй л байсан.
Бид аливаа асуудалд бүгд буруутай гэдэг ухамсартай болох хэрэгтэй. Бүгд хамтдаа байхгүй юм бол үхээд л дуусна шүү дээ. Шахмал түлш гүйцэд шатдаг учраас утааг багасгадаг" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!