Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

МАХН-ын санаачилсан хүүгүй, урьдчилгаагүй орон сууцны зээлийн хөтөлбөрт 10 мянган хүн бүртгүүлжээ

Б.Ану
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
МАХН ФБ хаягаас ашиглав

МАХН иргэдийг орон сууцжуулах хүүгүй, урьдчилгаагүй зээлэнд хамруулах ёстой гэсэн хөтөлбөр санаачлаад байна. 

Тэд өөрсдийн фэйсбүүк хуудастаа "Өнөөдөр 450,000 гаруй айл өрх орон сууцгүй байна. Эдгээр айл өрхийг орон сууцжуулсанаар тав тухтай амьдрах орчин бүрдэж утаа орчны бохирдолоос салж УЛААНБААТАР хотын төвлөрлийг сааруулах юм.

Төрийн өмчийн орон сууцны хөтөлбөрийг Финлянд, АНУ, Норвеги, Дани, Швед, Герман, Австри, Сингапур гэх мэт орон амжилттай хэрэгжүүлсэн. Монгол Улс 1990 оноос өмнө иргэдээ төрийн орон сууцанд үнэгүй амьдруулдаг байсан туршлага бий.

"Өрх бүрт орон сууц үндэсний хөдөлгөөн"-ий санаачилсан айл өрхүүдийг хүүгүй, урдчилгаагүй орон сууцанд оруулах хөтөлбөрийн эдийг засгийн тооцоо судалгааг МАХН хийж гадны улс орны туршлагыг судалж боловсруулаад байна. Энэ хөтөлбөрийг 5-10 жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж өрх бүрийг хүүгүй, урдчилгаагүй орон сууцанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд 2020 онд 20 мянга гаруй айл өрхийг орон сууцжуулахаар тооцоолоод байна" гэжээ.

Зээлийн нөхцөлдөө:

  • Урьдчилгаа "0" хувь
  • Хүү "0" хувь
  • Хугацаагүй (Насан туршдаа амьдрах боломжтой.)
  • Үр хүүхдүүддээ өвлүүлэх
  • Байраа томсгох, солих боломжтой.
  • Худалдан авах боломжтой гэжээ. 
 
МАХН сайтаас ашиглав.

Тус санаачлагын хүрээнд ийм зээлд хамрагдах хүсэлтэй 10 мянга орчим иргэн МАХН-д бүртгүүлээд байгаа аж.

Өчигдөр зохион байгуулсан өдөрлөгт гэхэд 6 мянга орчим иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлсэн бол утсаар 4 мянга иргэн бүртгүүлсэн гэж МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян мэдээллээ.

Түүнтэй утсаар холбогдон энэхүү хөтөлбөрөө хэрхэн санхүүжүүлэхээр тооцоолсон талаар тодруулахад "Ипотекийн зээлийн эх үүсвэрийг улсын төсвөөс тусдаа буй мөнгөний бодлого буюу төв банкны хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл санхүүжилтийг төсөвтэй хольж хутгахгүй. Монголбанкнаас анх хэрэгжүүлж эхэлсэн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг илүү төгөлдөржүүлж ажиллах боломжтой гэж үзэж байна" гэв.

2019 оны наймдугаар сарын байдлаар 95,054 иргэн ипотекийн зээлтэй байгаа бөгөөд эдгээрийн 74.3 хувь нь  найман хувийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан зээлдэгч байна. Нийт ипотекийн зээлийн 83 хувь нь Улаанбаатар хотод байршилтай орон сууц авахад зарцуулагдсан байгаа юм.

Тэнхлэг зууч ХХК-ийн хийсэн “Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-нд хот, хөдөөгийн 50 мянга орчим өрх орон сууц худалдан авах боломжтой бөгөөд тохирсон хөтөлбөр байвал орон сууц худалдан авах хүсэлтэй байгаа ч найман хувийн зээлийн олдоц муу хэвээр байна.