Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинээр тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тэтгэврийг маш багаар тогтоох магадлал өндөр болж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзоригт шаардлага хүргэж, ХНХЯ-ны гадна талбайд жагслаа.

Тэд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн биелэлт, Хэвийн бус хөдөлмөрийн нөхцлийн талаарх 77 тоот тушаалд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа аж.

Шинээр тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тэтгэврийг маш багаар тогтоох магадлал өндөр болж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Өнөөдөр дэлхийн зохистой хөдөлмөрийн өдөр тохиож байна. Энэ өдөр дэлхий даяар ажил, хөдөлмөр эрхэлж буй олон мянган хүн төр засаг, ажил олгогч нартаа өөрсдийн хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө үгээ хэлдэг.

Хөдөлмөрийн хууль бол хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд бүгдэд хамаатай асуудал. 

Хөдөлмөрийн тухай хуулийг Засгийн газар, ажил олгогч, үйлвэрчний эвлэлийн байгууллага гурван талаараа хэлэлцэж эцсийн хувилбарыг УИХ-д өргөн барьж шийдвэрлэе гэж ярилцсан.

Гэвч хуулийн хэлэлцүүлгийн явцад энэ хуулийг УИХ-ын Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өргөн барьж, 170 орчим огт ярилцаагүй саналыг оруулжээ. Үүнийг бид хулгайгаар оруулсан санал гэж үзэж байна.

Хөдөлмөрийн хуулийг сайжруулж чадахгүй бол бүрэн эхээр нь эгүүлэн татах хэрэгтэй. Тийм учраас МҮЭ-ийн холбооноос тодорхой шаардлагыг тавьж байгаа.

Мөн өмнө нь иргэд таван жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгодог байсныг долоон жил болгосон нь шинээр тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тэтгэврийг маш багаар тогтоох магадлал өндөр болж байна.

Түүнчлэн өнгөрсөн жил улсын төсөв дээр цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой төслүүд тавьсныг МҮЭ-ийн холбоо талархалтай хүлээж авч байгаа ч өнгөрсөн жилийг хүртэл дутуу орхигдсон асуудал бий.

Эдгээр асуудалд хугацаатай шаардлага өгч байгаа. Хэрвээ заасан хугацаанд тодорхой хариу өгөхгүй бол МҮЭ-ийн холбоо эдгээр асуудлыг шийдэгдэх хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна" гэлээ. 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Чингис хаан нисэх буудлын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Энхжаргал "Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд дүгнэлт гарсан олон зуун хүний эрх ашиг нь хохирч байна гэдэг үүднээс бид нийлж ХНХ-ын сайдад шаардах бичиг өгөхөөр ирсэн байна.

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс сүүлийн гурван жил дараалан Чингис хаан олон улсын нисэх буудал дээр хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийж өгсөн. 

Үнэлгээ нь сайдын 77 тоот тушаалтай зөрчилдөж байна" гэв.

 Хувиараа нийтийн тээвэр эрхэлдэг бага дунд оврын автобусын жолооч нарын эрх, маш ихээр зөрчигдөж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний нэгдсэн хорооны зохицуулагч Г.Баатар "Автотээврийн гурван талт хэлэлцээр гэж бий. 2013 нд авто тээвийн хэлэлцээрийн 2.13 дугаар заалтад зуучлагчийн шинж чанартай ААН-г татан буулгаж хоршооллыг дэмжинэ гэж тусгасан байна.

Мөн 2.14-т нийтийн тээвэрт хувийнхаа хөрөнгөөр оролцож байгаа нийт жолооч тээвэрчдийг хоршооллын хэлбэрт ороход нь дэмжиж, тодорхой санхүүжилтын асуудлыг шийдэн урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамруулна гэжээ.

Эдгээр заалтыг хэрэгжихгүй байгаагийн улмаас хувиараа нийтийн тээвэр эрхэлдэг бага, дунд оврын автобусын жолооч нарын эрх, маш ихээр зөрчигдөж байна. Үүнийг эсэргүүцэж өнөөдрийн арга хэмжээнд нэгдэж оролцож байна" гэв.

Шатахуун түгээх станцын тоног төхөөрөмж сайжирч ууршилт нь багассан ч үйлчлүүлж байгаа автомашины тоо эрс нэмэгдсэн

Петровис ХХК-ийн ахлах түгээгч Ч.Чулуунцэцэг "Бид шатахууны ууршилт ихтэй орчинд ажилладаг. Манай үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа мэргэжлийн байгууллагуудаар шинжилгээ судалгаа хийлгэдэг.

Хамгийн сүүлд 2017 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөр хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт үнэлгээний тайланг гаргуулахад хөдөлмөрийн хортой нөхцөлд орох үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан.

Энэ дүгнэлтийг үндэслэн холбогдох газруудад хүсэлтээ удаа дараа албан тоотоор өгсөн ч хариу ирээгүй.

Түгээгч гэдэг мэргэжил 1995 оноос өмнө хортой нөхцөлд ордог байсан. Яагаад одоо хасагдсаныг мэдэхгүй байна. Сүүлийн жилүүдэд шатахуун түгээх станцын тоног төхөөрөмж сайжирч ууршилт нь багасаж байгаа ч үйлчлүүлж байгаа автомашины тоо эрс нэмэгдсэн.

Тиймээс бидний ажлын онцлог нөхцлийг харгалзан ХНХ-ын сайдын 2004 оны А/77 дугаар тоот тушаалаар батлагдсан тэтгэврийг хөнгөлттэй нөхцлөөр тогтоох, газрын дор болон хөдөлмөрийн хортой хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад оруулж өгөхийг хүсэж байна" гэлээ.

Гэрэл зургийг Mpa.mn