Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол тэмүүлэл" сургуулийг өөр тийш нүүлгэх саналыг эсэргүүцэж жагслаа

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2017 оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд олон улсын стандартад нийцсэн сургуулийн барилга ашиглалтад орж байв.

Одоогоор тус барилгад олон улсын Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэгч "Монгол тэмүүлэл" болон нийслэлийн 133 дугаар сургуулийн хамт хичээллэж байна. Гэвч 133 дугаар сургуулийн ачаалал хэт ихэссэнээс үүдэн хоёр сургуулийн хооронд маргаан дэгдээд буй юм.

Нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд БСШУСЯ-наас аль нэг сургуулийг нь түр хугацаанд нүүлгэх санал гаргасан ч зөвшилцөлд хүрээгүй байна. 

Яригдаж буй хувилбаруудтай холбоотойгоор "Монгол тэмүүлэл" сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл удаа дараа БСШУСЯ-нд шаардлага хүргүүлсэн бөгөөд өнөөдөр гадна талбайд нь эсэргүүцлийн жагсаал хийлээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тус сургуулийн эцэг, эхийн төлөөлөл Ж.Одончимэг "Монгол тэмүүлэл сургуулийн барилга нь олон улсын стандартын дагуу 600 сурагчийн хүчин чадалтай баригдсан. Одоогоор 240 хүүхэдтэйгээр сургуулийнхаа 3, 4 дүгээр давхарт хичээллэж байна.

Харин хамт хичээллэж буй 133 сургууль нь энэ хичээлийн жилд 1,400 гаруй сурагчтай болсон. Нэг сургуулийн ачаалал ихэссэн тул цөөн сурагчтайг нь нүүлгэх талаар ярьж байгааг эсэргүүцэж байна. Нүүлгэхээр тооцоолсон сургууль нь бүтэн жил гаруй хүн очоогүй, хуучин сургууль. Үүний дээр ойр орчимд нь баар, ресторан ихтэй буюу ерөнхий боловсролын сургууль хичээллэх орчин биш.

Дэлхийн түвшний боловсрол олгож байгаа сургуулиа хөөх биш орчныг нь илүү сайжруулж, олон хүүхдийг сургахын төлөө эрмэлзэх ёстой" хэмээлээ. 

Ийнхүү олон хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн асуудлыг салбарын яам нь хэрхэн шийдэхээр судалж байгааг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. 

Тэрбээр, "2017 онд 133 дугаар сургуулийн барилга баригдтал нэг жилийн хугацаанд тус сургуулийн 400 сурагчийг суралцуулж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу Монгол тэмүүлэл сургуулийн 1, 2 дугаар давхарт хичээллүүлж эхэлсэн.

Гэвч газрын маргаан шүүхийн шатанд явсаар өдийг хүрэхэд сурагчийн тоо нь 1,500 орчим болоод байна. Үүнийг шийдэхийн тулд ачааллыг тэнцвэржүүлэх, хамран сургах тойргийг шинэчлэн тогтоох эрх нь нийслэлийн Боловсролын газарт байгаа.

Манай яамнаас аль нэг сургуулийн нүүлгэх санал гарган, түрээсийн байр судалж байгаа ч талууд хүлээн зөвшөөрөөгүй. 

Тиймээс цаашид ч ямар боломж байж болох талаар холбогдох газруудтай хамтран ажиллана" хэмээв.