Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"133 дугаар сургуулийг шинээр барихаар шийдсэн ч "Монгол тэмүүлэл" сургуулийг хөөж байгааг эсэргүүцэж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсад олон улсын кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн гурван сургуулийн нэг болох "Монгол тэмүүлэл" сургууль өөрийн байраа алдах нөхцөл үүссэн тухай тус сургуулийн эцэг, эхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд ашиглалтад орсон тус сургуулийн байрны 1,2 дугаар давхарт Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн таван бүлэг түр байршдаг бөгөөд гурван сарын өмнө холбогдох албаны хүмүүс ирж танилцаад 133 дугаар сургуулийн барилгыг шинээр барихаар болсон аж.

Гэтэл саяхнаас Монгол тэмүүлэл сургуулийг өөрсдийнх нь сургалтын байрнаас нь гаргаж, түрээсийн байранд орохыг холбогдох албаныхан шаарджээ.

Кембрижийн хөтөлбөрт сургуулийн стандарт, шаардлага нь өндөр байдаг

Энэ талаар Эцэг эхийн төлөөлөл Г.Эрдэнэ “Олон улсын сургалтын хөтөлбөртэй лаборатори сургуулийн тоог нэмэх Засгийн газрын зорилтын хүрээнд төрийн өмчийн "Монгол тэмүүлэл" сургууль анх байгуулагдсан.

Кембрижийн хөтөлбөрт сургуулийн стандарт, шаардлага нь өндөр байдаг. Тиймээс ч Монгол тэмүүлэл сургуулийн байрыг кембрижийн сургалтын стандарт шаардлагын дагуу барьж 2017 онд ашиглалтад оруулсан.

Гэвч одоо 133 дугаар сургуулийг оронд нь оруулж, манай сургуулийг тухайн байрнаас гарахыг шаардаж байна.

Хэрвээ Монгол тэмүүлэл сургууль стандарт, шаардлага хангасан зориулалтын байраа гарвал кембрижийн хөтөлбөр явуулах эрхээ ч алдах нөхцөл үүсэх юм.

Ердөө гурван сарын өмнө БСШУС-ын сайд, УИХ-ын дарга болон нийслэлийн Засаг дарга 133 дугаар сургуулийн барилгыг шинээр барихаар төсөв хөрөнгийг нь шийдэж өгсөн ч одоо шийдвэрээсээ буцаж, манай сургуулийг хөөж байгааг бид эсэргүүцэж байна” гэлээ.

Хоёрхон жилийн дараа багш сурагчдыг нь хөөж, оронд нь өөр сургууль оруулах гэж байгаад харамсаж байна

Эцэг эхийн төлөөлөл Д.Лхагваням “Энэ сургууль кембриджийн стандартын дагуу баригдаж ашиглалтад ороод ердөө хоёрхон жил байна. Манай сургууль анх байгуулагдаад 115 дугаар сургуулийн харьяанд долоон жил болсон. Өөрөөр хэлбэл тус сургуулийн сурагчид эцэг эхчүүд, багш нар Монгол тэмүүлэл сургуулийн байрыг ашиглалтад орохыг долоон жил хүлээсэн.

Гэвч хоёрхон жилийн дараа багш сурагчдыг нь хөөж, оронд нь өөр сургууль оруулах гэж байгаад харамсаж байна.

Мөн гуравхан сарын өмнө гаргасан шийдвэрээсээ буцаж байгаа төрийн удирдлагуудыг гайхаж байна. Төр засгийн бодлого Загасны ой санамж шиг иймхэн байж болох уу. Төрийн залгамж чанар чинь хаана байна гэж асуумаар байна.

Бид хардах эрхийнхээ хүрээнд хэлэхэд, тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нөлөөлсөн гэж үзэж байгаа. Учир нь тэрбээр сонгондсон тойрогтоо сургууль цэцэрлэг барьж өгнө гэсэн амлалтынхаа хүрээнд энэ ажлыг явуулж байна гэж бодож байна.

Одоогоор Монгол тэмүүлэл сургуулийн нийт 240 гаруй сурагчид өөрийн байрны 3,4 дүгээр давхарт сурдаг бөгөөд 1,2 дугаар давхарт нь 133 дугаар сургуулийн таван бүлгийн сурагчид суралцдаг.

Өмнө нь энэ хоёр сургуулийн хүүхдүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулаад болж л байсан. Гэтэл одоо яагаад 133 дугаар сургуулийн байр 2020 онд ашиглалтад орох сургуулийг түр хүлээж болохгүй гэж.

Манай сургуулийг гаргаад оронд нь 133 дугаар сургуулийг оруулсан ч сурагчид нь бүхлээрээ сургуулийн байранд багтахгүй.

 Боловсролын салбарыг ингэж улстөржүүлж, самарч болохгүй. Бид төрийн өндөрлөгүүдэд зохих шаардлагаа хүргүүлж, цаашид тэмцэнэ" гэсэн юм.

Хоёр сургуулийн хүүхдүүд энэ байранд хамт сургалтын үйл ажиллагаа явуулах боломж олгохыг төр засгаас хүсэж байна

Эцэг эхийн төлөөлөл Ж.Одонтуяа “Дэлхийн 195 орны 10 мянга орчим сургуульд кембриджийн хөтөлбөр хэрэгжиж байна. Харин Монгол Улсад ус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 20 гаруй сургууль бий. Гэхдээ төрийн өмчийнх нь ердөө гуравхан. Ийм хөтөлбөртэй хувийн сургуулийн нэг жилийн төлбөр нь 10-50 сая төгрөг байдаг учраас энгийн иргэдийн хүүхдүүд тэнд суралцах боломж нь байдаггүй.

133 дугаар сургуулийн барилга 2020 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Тэр болтол хоёр сургуулийн хүүхдүүд энэ байранд хамт сургалтын үйл ажиллагаа явуулах боломж олгохыг төр засгаас хүсэж байна” гэлээ.