Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

"133 дугаар сургуулийн 1,800 гаруй хүүхэд 4 ээлжээр хичээллэж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуульд дөрвөн ээлжээр хичээллэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай тус сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийт 1,800 гаруй хүүхэдтэй 133 дугаар сургуулийн сурагчид одоогоор "Монгол тэмүүлэл" сургуулийн 1,2 дугаар давхарт дөрвөн ээлжээр хоёр, хоёр цаг хичээллэдэг аж.

Манай хорооны хүүхдүүд улсын гэх ганцхан сургуультай, нэг ч цэцэрлэг байхгүй

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Эцэг эхийн төлөөлөл Б.Батдэлгэр “Манай хороонд сургуулийн насны 5,600, цэцэрлэгийн насны 2,900 хүүхэд байна.

Гэтэл хорооны хүүхдүүд улсын гэх ганцхан сургуультай бөгөөд нэг ч цэцэрлэг байхгүй.

Харин ганц сургууль болох 133 дугаар сургууль нь 1,800 гаруй хүүхэдтэйгээс гадна өөрийн гэсэн байргүй учраас "Монгол тэмүүлэл" сургуулийн байрны 1,2 дугаар давхарт дөрвөн ээлжээр хичээллэж байна. 

Монгол Улсын хэмжээнд ийм олон ээлжээр хичээллэж байгаа ганц сургууль нь 133 дугаар сургууль болчхоод байна.

Тухайлбал, нэгдүгээр ангийн хүүхдүүд сургууль дээрээ 4-5 цаг хичээллэдэг. Гэтэл энэ сургуулийн хүүхдүүд ердөө 2-хон цаг сургууль дээрээ хагас дутуу хичээллэж, үлдсэн хичээлээ гэртээ нөхөх нөхцөлтэй байна.

Мөн дөрөв дэх ээлжийн 240 орчим сурагч орой 19:40 цагт тардаг. Одоо хүйтэн цаг ирж байна. Эрт харанхуй болоход энэ хүүхдүүд яаж харанхуйд харих вэ. Энэ бол хүүхдийн сурч, боловсрох эрхийг зөрчиж байгаа хэрэг.

Мөн "Монгол тэмүүлэл" сургуулийн 1,2 дугаар давхарт 1,800 хүүхэд суралцаж байхад яг адилхан зайд буюу 3,4 давхарт нь 200 орчим хүүхэд сурч байна.

Хүний эрхийн үндэсний комиссоос хүртэл “Хоёр адилхан сургуулийн хүүхдүүдэд ялгавартай, тэгш бус хандаж байгаа зохисгүй байдлыг залруулах, улмаар тус сургуулийн барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх тухай БСШУС-ын сайдад үүрэг өгсөн байдаг.

Энэ үүргийг сайд заавал биелүүлэх ёстой.

Уг нь энэ оны наймдугаар сарын 30-нд боловсролын сайдын 549 тоот тушаал гарсан. Тушаал гараад бүтэн нэг сар болоход одоогийн байдлаар ямар ч өөрчлөлт алга" гэлээ.

Ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна

133 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Өсөхцэцэг “Өнөөдрийн байдлаар "Монгол тэмүүлэл" сургуулийн 1,2 дугаар давхар манай сургуулийн 13 ангид, 43 бүлэг дөрвөн ээлжээр хичээллэж байна.

Дээрээс нь багш нарын өрөө ч байхгүй  учраас өдөржин коридорт зогсож, өглөө 8:00 цагт ирсэн багш бүтэн 12 цаг тасралтгүй ажиллаж байна. 

Уг нь гурван ээлжээр ажиллаж байгаа багш нарт илүү цагийн хөлс олгох ёстой. Гэтэл бүр дөрвөн ээлжээр ажиллаж байгаа багш нарт илүү цагийн хөлс гэж огтхон ч алга.

түүнээс гадна "Монгол тэмүүлэл" сургуулийг нүүлгэх асуудалд хоёр ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Гэвч тус ажлын албан бичиг дээр нь энэ талаар судална гэснээс, шийдвэрлэх хугацаа алга.

133 дугаар сургуулийн болон "Монгол тэмүүлэл" сургуулийн нийт 2,000 гаруй хүүхдийн энэ асуудлыг судлаад, шинжилж цаг хугацаа бараад байх шаардлага байхгүй. 

Нийслэлийн засаг дарга, БСШУС-ын сайд болон бусад холбогдох албаны хүмүүсийг сургууль дээрх хүнд нөхцлийг очиж харахыг хүсэж байна. 

Ийм олон хүүхэдтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байхад агааржуулалтаас эхлээд асуудал их.

Багш нар самбараасаа эхний ширээ хүртэл 50 метрийн зайтай бөгөөд нэг ширээнд 4 хүүхэд суудаг. Гэхдээ хоёр сургуулийн ажилчид адилхан байдалд байгаа учраас багш нар хоорондоо зөрчилдсөн асуудал байхгүй.

Ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна.

БСШУС-ын яам энэ асуудлаа шийдэж чадахгүй бол сургалтын үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна.

Нэмж хэлэхэд, Манай сургуульд бүтэн 3 жилийн турш нэг ч хөрөнгө оруулалт хийгдээгүй" гэсэн юм.