Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн ээлжээр хичээллэж буй 133 дугаар сургуулийн байрнаас "Монгол тэмүүлэл" сургуулийг нүүлгэхийг хүслээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хүүхдүүд, тэр дундаа 133 дугаар сургуулийн сурагчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.

Уг нь хороо 22,000 гаруй хүн амтай бөгөөд үүний 5,000 гаруй нь сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд аж. Гэтэл эдгээр хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд суралцах эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар эцэг, эхчүүд болон тус хорооны Засаг дарга мэдээлж байгаа юм. Тодруулбал, энэ хорооны нутаг дэвсгэрт ганц ч цэцэрлэг байхгүй тул зэргэлдээх хороодын цэцэрлэгт аз таарвал сугалаагаар орж, нэр нь сонгогдоогүй бол гэр бүлийн хэн нэг нь гэртээ хүүхдээ харахаас өөр аргагүйд хүрч буй талаар БЗД-ын 26 дугаар хорооны Засаг дарга Г.Отгонбаатар хэллээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн тэрбээр, "2018 оны наймдугаар сард нийслэлийн Засаг дарга Олимп хотхоны дунд 7,500 м.кв газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн зориулалтаар олгосон боловч Эко компанийхан өөрийнх нь эзэмшлийн талбайг хууль бусаар авлаа гэж гомдол гаргасан. Энэ асуудал шүүхийн шатандаа явж байгаа бөгөөд шүүх хурал удаа дараа хойшилсоор шийдэлд хүрээгүй байна" гэв.

26 дугаар хороонд төрийн өмчийн нэг сургууль байгаа нь 133 дугаар сургууль юм. Нэг ээлжиндээ 640, хоёр ээлжиндээ нийт 1,280 хүүхэд хүлээж авах хүчин чадалтайгаар 2017 онд нээлтээ хийсэн тус сургуульд өдгөө 133 ба "Монгол тэмүүлэл" хэмээх хоёр сургууль зэрэгцэн хичээллэж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

133 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл Б.Батдэлгэр сурагчид үндсэн хуулиар олгогдсон эрхүүдээ эдэлж чадахгүй байна хэмээгээд "Сургуулийн байрны 1-2 давхарт 133 дугаар сургуулийн 1,540 хүүхэд суралцаж байгаа бол 3-4 давхарт лаборатори сургуулийн 160 сурагч хичээллэж байна. Самбараас хичээлийн ширээ хүртэл 60 см зайтай. Багш нарын амрах өрөө байтугай, өөрийн гэсэн анги танхим гэж байхгүй. Сургууль ачааллаа дийлэхээ больж, дөрвөн ээлжээр хичээллэж байна" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр "26 дугаар хорооны сургууль гэж улсын төсвөөр барилгын ажил нь явагдсан ч ашиглалтад орохдоо "Монгол тэмүүлэл" гэх сургууль руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, газар нь 133 дугаар сургуулийнх, барилга нь "Монгол тэмүүлэл" сургуулийнх. 

"Монгол тэмүүлэл" нь БСШУСЯ-ны харьяа бол 133 дугаар сургууль нь нийслэлийн Засаг даргын харьяа болчихоод байна. Шинээр сургууль барих гэхэд газрын асуудал нь шийдэгдэхгүй байгаа учир шинэ хичээлийн жил эхлэхэд ийм байдал үргэлжилж, сурагчид хохирсоор байх нь. Тиймээс "Монгол тэмүүлэл" сургуулийг нүүлгэж өгөхийг хүсэж байна" гэлээ. 

Сурагч, багш ажилчдын эрх ноцтой зөрчигдөж байгаа тул маргааш буюу тавдугаар сарын 1-ний өдөр эцэг, эхийн төлөөлөл БСШУС-ын сайдад "Монгол тэмүүлэл" сургуулийг өөр тийш нүүлгэх, тус хороонд шинээр сургууль, цэцэрлэгийн барилга барихыг шаардсан шаардлага хүргүүлэх юм байна.