Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

ХБНГУ-ын Бавари муж улсын Дээд шүүхийн дэд ерөнхийлөгч Андреас Цвергер: Хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт манай орныхоос зарчмын ялгаатай байна

Ө.Манлай, Өдрийн сонин
2019 оны 9 сарын 25
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн дэргэдэх “Эрх зүйн боловсрол" академи 2001 оноос сангийн Монгол дахь түншлэгч байгууллагын нэг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран шүүгч нарын дунд жил бүр туршлага солилцох уулзалт явуулдаг уламжлалтай.

ШЕЗ-ийн захиргааны эрх зүйн сургагч багш нартай явуулсан уулзалтад Германы Берлин муж улсын Нийгмийн шүүхийн шүүгч, Бранденбург муж улсын Хууль зүйн академийн багш доктор Жессика Фогт 2019 оны зургаадугаар сард оролцсон бол есдүгээр сарын 18-20-нд явагдсан эрүүгийн эрх зүйн сургагч багш нарын уулзалтад Бавари муж улсын Бамберг дахь Муж улсын дээд шүүхийн дэд ерөнхийлөгч Андреас Цвергер уригдаж оролцлоо.

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу.

-Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Андреас Цвергер гэдэг, ХБНГУ-ын 16 муж улсын нэг болох Бавари муж улсын дээд шүүхэд дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.

Ханнс-Зайделийн сангийн урилгаар Азид, тэр дотроо танай сайхан оронд анх удаа зочилж мэргэжил нэгт нөхөдтэйгөө туршлага, мэдээлэл солилцох завшаан тохиосонд баяртай байна.

-Уулзалтын үеэр шүүгч нар ямар сэдвийг илүүтэй сонирхож байв?

-Танай улсын Эрүүгийн хууль саяхан шинэчлэгдсэнтэй холбоотойгоор шүүгч нарын дунд нэг мөр ойлгох шаардлагатай сэдэв олон байна гэж ойлгосон.

Бид маш өргөн хүрээнд мэдээлэл солилцсоны дотор танай нийгмийн анхаарлыг ихээр татаж буй хөөн хэлэлцэх хугацаа, эрүү шүүлт тулгах, албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа авлига хээл хахууль, хууль бусаар хөрөнгөжих гэх мэт сэдвийг хөндөж ярилцсан.

-Сүүлийн үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар авлигын хэргийг хэрэгсэхгүй болгох явдал олон нийтийн дургүйцлийг хүргэх болсон. Танай улс ийм асуудалтай тулгарч байв уу?

-Монголд хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт манай орныхоос зарчмын том ялгаатайг анзаарсан.

Германд хөөн хэлэлцэх хугацаа дуусах бараг боломжгүй. Учир нь мөрдөн шалгах үйл ажиллагааны алхам бүрт уг хугацаа эхнээсээ тоологдож эхэлдэг байхаар зохицуулсан.

Уг хугацааг хэрэг үйлдсэн мөчөөс тоолж эхэлдэг. Мөрдөн шалгах ажиллагааг эхлэх, сэжигтэнд энэ талаар мэдэгдэх, сэжигтнийг байцаах, гэрчээс мэдүүлэг авах, хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүхээс нэмэлт мөрдөн шалгалт явуулах гэх мэт хэргийг илрүүлэхэд чиглэсэн алхам тус бүрд уг хугацаа дахин дахин шинээр тоологдож эхэлдэг.

Хөөн хэлэлцэх хугацааны зорилго нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан дуусгахад оршдоггүй. Гэмт хэргийн хортой үр дагавар нь цаг хугацааны явцад шарх мэт аажмаар илааршдаг гэж үздэг.

Тухайн хэрэгт мөрдөн шалгах алхам хэрэгжүүлэх болгонд тэрхүү шарх сэдэрч, хэрэг шалгах, шийдвэрлэх хугацаа нь шинээр эхлэх ёстой гэсэн зарчим цаана нь агуулагдаж байдаг.

Иймд Германд хөөн хэлэлцэх хугацаа дуусах асуудал гардаггүй. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацааны дээд хязгаар гэж байдаг.

Аливаа эрүүгийн гэмт хэргийн нийт хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд заасан хэмжээг хоёроор үржүүлснээс илүүгүй байх хязгаартай.

Аллагын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг огт тооцдоггүй.

Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг хэдийд ч илэрсэн бай мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэрэгтэнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжтой байдаг.

Миний ойлгосноор Монголд хөөн хэлэлцэх хугацаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд үргэлжлэн тоологдсоор байдаг.

Монголд хөөн хэлэлцэх хугацаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаг хугацааны хязгаар тогтоох, яаравчлах зорилготой юм байна.

Мөрдөн шалгах байгууллага болон шүүхийн ажиллагаа хугацаандаа дуусахгүй бол гэмт этгээд ял завших боломжтой. Энэ нь шударга ёсны зарчимд тийм ч сайн нийцэх шийдэл биш.

Гэхдээ мэдээж танай манай аль ч шийдэл өөрийн гэсэн давуу болон сул талтайг мартаж болохгүй.

-Монголын хөөн хэлэлцэх хугацааны талаарх өнөөгийн зохицуулалтын давуу тал нь юу гэж та харж байна вэ?

-Нэгдүгээрт, мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаа богино хугацаанд явагдаж дуусна, хоёрдугаарт, нотлох баримтын чанар харьцангуй сайн байна.

Өөрөөр хэлбэл, хэрэг үйлдэгдсэнээс хойш удах тусам нотлох баримтын чанар дорддог. Эдгээр давуу талыг нэрлэж болох байх. Гэхдээ маш том сул тал бий.

Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад олон тооны гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноор хэрэг хаагдаж ял завших боломж бүрддэг.

Өөрийнх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буйг мэдэж буй этгээдийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж ял завших хүлээлт нь хуулиар хамгаалбал зохих үнэт зүйл бий юм.

-Танай улс эрүү шүүлтээс хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?

-Мөрдөн шалгах шатанд хууль зөрчиж нотлох баримт цуглуулах, мэдүүлэг авахтай тэмцэх хамгийн үр дүнтэй механизм бол эрүү шүүлт тулгаж олж авсан нотлох баримтыг шүүхийн шатанд нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх явдал.

Хэрэв хууль зөрчиж мэдүүлэг авсан нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа илэрвэл хянан шийдвэрлэх ажиллагааг дахин эхлүүлэх боломжтой.

Шүүх хэргийг дахин хянахдаа хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт огт байхгүй гэх итгэл үнэмшилд тулгуурлах үүрэгтэй.

Эрүү шүүлтэд өртсөн шүүгдэгч өмнөх мэдүүлгээ үнэн байсан гэж дахин мэдүүлсэн байлаа ч түүнийг нотлох баримт гэж шүүх авч үзэхгүй.

Гагцхүү бусад нотлох баримтаар нотлогдож байж тухайн хүнийг гэмт хэрэгт буруутгаж ял оноох боломжтой.

Энэ нь мөрдөн шалгах байгууллага нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулах сонирхол сэдлийг үгүй хийх үр дүнтэй арга юм.

-Албан тушаалын гэмт хэрэг, тэр дундаа авлигын гэмт хэргийн талаар Германы хуульд хэрхэн зохицуулсан байдаг вэ. Манай зохицуулалтаас хэр ялгаатай вэ?

-Манай улсын Эрүүгийн хуулийн 30 дугаар бүлэг бүхэлдээ албан тушаал, авлигын гэмт хэрэгт зориулагдсан.

Уг бүлэгт албан тушаалын байдлаа ашиглан өөртөө буюу бусдад давуу тал бий болгох, авлига өгөх, авах, хуулийг зориуд мушгин тайлбарлаж хэрэглэх, албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын биед гэмтэл учруулах, мэдүүлэг авахдаа албадлага хэрэглэх, гэм буруугүй хүнийг мөрдөх, албан үүргээ гүйцэтгэж байхдаа бичиг баримт хуурамчаар үйлдэх, хураамжийг хууль бусаар өндөр тогтоох, төрийн болон албаны нууцыг задруулах гэмт хэргийн талаар зохицуулсан байдаг.

Мөн саяхнаас Эрүүгийн хуульд сонгуулийн үр дүнд мандат авсан албан тушаалтны өөртөө давуу эрх олж авах, хээл хахууль авах зэрэг гэмт хэрэг шинээр зохицуулагдсан.

Үүний зэрэгцээ зарим төрлийн гэмт хэргийг албан тушаалтан үйлдвэл ял хүндрүүлэх нөхцөл болдог.

-Авлигын гэмт хэргийг Германд хэрхэн зохицуулсан байдаг вэ?

-Германы Эрүүгийн хуульд төрийн албан хаагч албан үүргээ зөрчихгүйгээр эсхүл зөрчиж өөртөө болон бусдад давуу байдал бий болгохыг ялгамжтайгаар зохицуулсан байдаг.

Хэрэв албан үүргээ зөрчиж үйлдсэн бол завдалт ч гэмт хэрэгт тооцогддог. Манай улсад шүүгч, прокурор, мандат авснаас бусад төрийн албан хаагч халдашгүй эрх эдэлдэггүй.

Гэхдээ тэдгээрт авах сахилгын арга хэмжээг сахилгын бие даасан шүүхээр, эрүүгийн хэргийг нь эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэдэг.

-Хууль бусаар хөрөнгөжих гэмт хэргийн тухайд?

-Германы Эрүүгийн хуульд ийм төрлийн гэмт хэрэг тусгагдаагүй.

Монголын Эрүүгийн хуулийн зохицуулалтаас харвал албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлогын эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол уг гэмт хэргээр яллагдах боломжтой юм байна.

Ийм зохицуулалт нь манай эрх зүйн орчинд тохирохгүй. Хүнийг өөрөөр нь буруутгуулах, яллуулахаар албадахыг Үндсэн хуулиар хориглосон байдаг.

-Цалингаас өөр орлогогүй төрийн албан хаагч нүдэн дээр хөлжөөд байх тохиолдолд арга хэмжээ авах боломжгүй гэж ойлгож болох уу?

-Германд банк санхүү, эд хөрөнгийн бүртгэлийн зэрэг бусад байгууллага мөнгөн болон эд хөрөнгийн сэжиг бүхий шилжүүлэг, хөдөлгөөнийг хууль хяналтын байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээдэг.

Ийнхүү цугларсан нотлох баримтыг үндэслээд хуулийн байгууллага албан тушаалтны үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, нотлох боломжтой.

-Парламентын гишүүд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэдгээрийн халдашгүй дархан эрхийн асуудал хөндөгддөг. Германы парламент гишүүдийнхээ бүрэн эрхийг хамгаалж үлддэг үү, эсвэл мөрдөн шалгах байгууллагад ажиллах боломжийг нь олгодог уу?

-Германд Бундестаг (Холбооны парламент) болон Ландтаг (муж улсын парламент)-ийн гишүүд халдашгүй дархан эрх эдэлдэг.

Сонгуулийн дараа шинэ парламент бүрдээд юуны өмнө үйл ажиллагааныхаа журмыг баталдаг ба энэ хүрээнд парламентын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлэх талаар урьдчилан журамладаг.

Одоо мөрдөгдөж буй журмаар гүтгэж доромжлохоос бусад Эрүүгийн хуульд заасан бүх гэмт хэрэгт Бундестагийн гишүүний эсрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг урьдчилаад олгосон.

Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг заавал албан ёсоор бичгээр гаргуулахгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж болно.

Гүтгэлэг доромжлолыг онцгойлон авч үзсэн нь парламентын өдөр тутмын үйл ажиллагаа болох улс төрийн мэтгэлцээнийг хамгаалж үлдэх зорилготой юм.

Харин парламентын гишүүний эрхэд халдахуйц мөрдөн шалгах арга хэмжээ авах, тухайлбал орон байр, албан тасалгаанд нь үзлэг нэгжлэг хийх, гишүүнийг цагдан хорих гэх мэт ажиллагаанд өмнө дурдсан урьдчилан олгосон ерөнхий зөвшөөрөл хамаарахгүй.

Мөн дээрх урьдчилсан зөвшөөрөл нь мөрдөн шалгах ажиллагаа дуусаж хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд бас хамаардаггүй.

Үүнд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвшөөрлийг парламентаас албан ёсоор бичгээр гаргуулж авсан байхыг шаарддаг.

Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд, мөрдөн шалгах байгууллага парламентын гишүүдийн эсрэг мөрдөн шалгах ажиллагааг ихэнх гэмт хэргийн тухайд чөлөөтэй явуулж болно.

Харин шүүн таслах ажиллагаа явуулахад заавал албан ёсоор бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бичгээр гаргасан шийдвэрийг парламентаас авах шаардлагатай.

Бундестагийн энэ жишгийг ХБНГУ-ын 16 муж улсын парламент ч мөн загвар болгон авч хэрэглэдэг.

-Бундестаг гишүүнээ мөрдөн шалгахыг зөвшөөр-сөн ч шүүхээр хянуулахыг зөвшөөрөхгүй байх тохиолдол элбэг байдаг уу?

-Аль ч парламент мөрдөн шалгах байгууллагад итгэдэггүй гэх сөрөг имижийг олон нийтийн өмнө бүрдүүлэхийг хүсдэггүй. Иймд таны дурдсан тохиолдол гарах боломжгүй.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Танд ч гэсэн баярлалаа. Т a бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

Зураг