Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ганхуяг: Би Биткойныг биш АрдКойныг өөрийнхөө нэр төрийг дэнчин тавин гаргаж ирсэн тул сурталчилж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 24
iKon.MN

Монголын хөрөнгийн зах зээлд олон компани шинээр орж ирж, нээлттэй болж буйн зэрэгцээ тус зах зээлийг сонирхогчид ч нэмэгдэж байгаа билээ.

Тэгвэл саяхан "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК (MSE: AARD) нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа арилжаалж эхэлснийг бид мэднэ. Иймд Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон АрдКойныг гадны зах зээлд хэрхэн гаргасан тухай "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай Италийн Рэко хотод байх үед нь холбогдож, ярилцсанаа хүргэе.   

 - Сайн байна уу. "Ард Санхүүгийн Нэгдэл" нээлттэй хувьцаат компани болоод удаагүй байна. Хөрөнгийн зах зээлд юугаараа шинэлэг байсан гэж Та хэлэх вэ?

- Сайн байна уу. "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК нь 4,000 гаруй хувьцаа эзэмшигчидтэй бөгөөд 20 орчим компанид хөрөнгө оруулалт хийсэн.

Үүнээс гурав нь нээлттэй хувьцаат компани, зургаа нь тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Ийнхүү нэгдэх замаар нээлттэй компани болсон нь бидний олон жилийн өмнө эхлүүлсэн "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" хөдөлгөөний ажил биеллээ олсон хэрэг байлаа. 

Өөрөөр хэлбэл, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг, иргэн бүр хувьцааг нь эзэмших боломжтой үндэсний санхүүгийн холдинг компани болсон хэрэг.

Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалах боломжийг ийнхүү олгож өгснөөрөө Монголдоо анхдагч үзэгдэл болсон гэж бодож байна. 10,000 гаруй хүн манайд хувьцаа эзэмшиж байна. Дээрээс нь манай багцад байдаг "Монгол Шуудан"-ийн хувьцаа ч мөн Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа.

 - Энэ жил IPO хийсэн компаниудаас юугаараа илүү давуу талтай болохыг уншигчид сонирхож байгаа байх?

- Банк санхүүгийн байгууллагаар бид байнга л үйлчлүүлж амьдарна. Хүмүүс танихгүй хэн нэгний банкаар үйлчлүүлэх бус өөрийнхөө хувьцаа эзэмшдэг банкнаас үйлчилгээ авч, ашгийг нь давхар хүртэж, эзэн шиг нь байх боломжийг олгож буй хэрэг.

- АрдКойн нь олон улсын зах зээлд гарсан Монголын анхны криптовалют болж байх шиг байна. Цаашид ямар биржүүд дээр гарахаар төлөвлөж байна вэ? Мөн анхдагч болж буй давуу талуудын талаар тайлбарлахгүй юу?

- Тийм ээ. Бид шинэ үеийн технологийн ололт дэвшлийг бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах ёстой гэдэг утгаар үйл ажиллагаандаа финтек хэлбэрийг сонгосон. Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалын үр шимийг зөвхөн хүртэгч бус, оролцогч нь байгаад зогсохгүй манлайлах ч ёстой.

Тэр ч утгаараа 2016 оны намраас блокчэйн, хиймэл оюун ухаан, криптовалютын талаар судалж эхэлсэн. Харин 2017 оны өвөл Крипто Үндэстэн чуулганыг зохион байгуулж, блокчэйн, криптогийн анхны хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн. Энэ бүх ажлын бодит үр дүн харин 2019 онд гарч эхэллээ.

АрдКойн нь Эфереумын ухаалаг гэрээ бөгөөд ERC20 гэх протокол дээр бичигдсэн.

АрдКойноор зэвсэглэсэн "Ард" апп нь 2019 оны эхний гурван улирлын байдлаар нийт 200 орчим мянган хэрэглэгчтэй болсон байна. АрдКойн дөрөвдүгээр сард trade.mn дээр арилжаалагдаж эхэлсэн. Энэ сарын эхэнд олон улсад гарах эхний алхмаа хийж, Австралид бүртгэлтэй btcexa.com бирж дээр арилжаалагдаж эхэлсэн. Түүнээс гадна энэ ондоо хоёр бирж дээр гарах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

АрдКойн нь дараах дөрвөн онцлогтой.

  1. Ард Санхүүгийн Нэгдлийн борлуулалтыг дэмжих зорилготой гарч ирсэн.
  2. Төвлөрсөн сервэр дээр бүртгэгддэг биш, блокчэйн дээр хийгдсэн урамшууллын оноо.
  3. АрдКойны цаана "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн болон бусад компанийнхаа хувьцааг баталгаа болгож тавьсан нь дэлхийн бусад криптовалютаас ялгагдаж байна.
  4. Нэгэнт урамшууллын системээр ашиглаж байгаа учраас хязгааргүй хэвлэх боломжгүй.

Эдгээр шинж чанарыг агуулснаараа дэлхий дээр гарч буй хэдэн мянган криптовалютаас онцлог ба Монголоос гарах инноваци учраас цаашид ч тогтвортой ханшаа бариад,  хүмүүсийг алдагдалд оруулахгүй явах боломжтой.

Мөн АрдКойны ханш нь сүүлийн хэдэн сарын турш 4-5 төгрөгийн хооронд тогтвортой явж байгаа нь хүмүүст итгэл үнэмшлийг ихээр төрүүлж байна.

Монголд өмнө нь хэн ч хийж байгаагүй зүйлийг хийж буй учраас бид ажиллах явцдаа суралцсаар л байгаа. Суралцах явцдаа шинэ арга хэлбэрүүдийг ч нэвтрүүлж байна. Тухайлбал, өнөөдөр trade.mn дээр анхны арилжааны уралдаанаа зарласан. 

 

- АрдКойны ард олон компани байгаа гэж та дээр дурдлаа. Энэ нь томоохон баталгаа болж буй хэрэг гэсэн үг үү?

 - Бусад криптовалютыг харахаар хэн ч мэдэхгүй залуучууд гарч ирээд санаа гаргаж, интернетэд тавиад мөнгө босгочихдог юм шиг байгаа юм. Гэхдээ ярьсан юмаа хийх эсэх нь баталгаатай биш. АрдКойны хувьд өмнө дурдсанчлан дөрвөн шинжийг агуулж, тогтсон үйл ажиллагаан дор явагддаг. Борлуулалт хийсэн тохиолдолд АрдКойн тараана гээд амлалт хүлээж буй нь бидний бас нэгэн давуу тал. 

Үүгээр зогсохгүй намайг банк санхүүгийн салбартаа тодорхой үр бүтээлтэй ажилласан хүн гэдгээр нь харах буюу би өөрөө ард нь байгаа нь хүмүүст итгэл үнэмшил төрүүлж буй нэг хэлбэр юм.

Намайг Биткойныг сурталчлаад байна гэсэн. Би Биткойныг сурталчлаагүй, зүгээр боломжийг нь танилцуулсан. Харин АрдКойныг бол сурталчилж байна. Яагаад гэвэл өөрийнхөө нэр төрийг дэнчин тавин гаргаж ирсэн учраас тэр. 

- Гадны хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээлд оруулж ирэхэд манай улсын нөхцөл байдал хэр зэрэг бэлэн болсон гэж харж байна вэ?  

- Монголын өнөөгийн нөхцөл байдал хэрвээ таатай байсан бол болж байгаа юман дээр бид үсчиж орохгүй. Энэ галыг дүрэлзүүлэхийн тулд эхний оч нь болъё, хүмүүсийн анхаарлыг хандуулъя гэж л "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" хөдөлгөөнөөр орж ирсэн. Өнөөдөр Монголд шийдэх асуудал маш их байгаа ба хөрөнгийн зах зээл хөгжихөд хиймлээр бий болгочихсон маш их чөдөр, тушаа бий. Жишээ нь, ард иргэдийн мэдлэг боловсрол хөрөнгийн зах зээлийн талаар өндөр түвшинд хүрээгүй бөгөөд дэд бүтэц, хууль эрх зүйн орчин үгүйлэгддэг. 

Тухайлбал, гадаадаас хөрөнгө оруулалт татаад оруулж ирье гэж ярьдаг хэрнээ доллараар төгрөгийг чөлөөтэй хөрвүүлэхийг хаагаад байгаа нь сонин. Уг нь бид доллараар бонд гаргаж байж, доллараар хөрөнгө оруулалт хийе гэсэн гадны хөрөнгө оруулагчдыг Монголд оруулж ирнэ шүү дээ. Төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх хүн гадаадад ганц ч байхгүй гэдгийг манай дарга нар ойлгочих хэрэгтэй. Төгрөг аль болох чөлөөтэй хөрвөж байж л гадныхан төгрөгөөр наймаа хийж болох юм байна гэж бодно.

Доллараар наймаа хийж болохгүй гээд байвал төгрөг сул байсаар л байна. Зүгээр дуугүй яваад, төлөх ёстой торгуулийг нь төлөөд байвал хөгжихгүй гэдгийг хэлмээр байна.

Манай дарга нар мэдлэг боловсролоо зузаатгаж, олон зүйл үзэж, харж байж улс орныг удирдахгүй бол цаашид улам л хэцүү болно. Насаараа хөдөө, дарга хийсэн эсвэл нам дагаж гүйсэн нөхөр гарч ирээд улс орныг удирдана гээд их хуралд суучихаар ийм л заяагүй юм болдог юм байна.

-  Тэгэхээр дараагийн нэг сонирхсон зүйл маань Ард Шоп. Энэ нэр Монголчуудад танил болоод нэлээд хугацаа өнгөрлөө. Цахим худалдааны дэлгүүр дэлхий нийтэд ч эрчээ авч байна. Хэрэглэгчид хэр идэвхтэй үйлчлүүлж байна?

-  Өнөөдөр Aмазоныг үүсгэн байгуулагч Жефф Безос дэлхийн хамгийн баян хүн болжээ. Эхнэрээсээ салаад мөнгөө хувааж авсан ч хамгийн баян хүн хэвээрээ л байна. Мөн Жек Ма гээд хятад хүнийг бид бас бишрэн шүтдэг. Гэтэл манайхан өөрсдөө цахим худалдаагаа хөгжүүлэх дургүй, наадах чинь огт бүтэхгүй, бид нар оролдоод чадаагүй юм чинь чи бас чадахгүй гэдэг хандлагатай.  

Бид сүүлийн дөрвөн жил хаягны системийг өөрчлөх талаар ярилцаж, гурван үгний хаягны системийг Монголд орж ирэхэд нь тусалсан. Мөн сүүлийн гурван жил хэсэг залуучуудтай ажилласны дүнд "Ард Шоп" хэмээх төслийг эхлүүлээд өнөөдрийн байдлаар Хятадын ИнтМолл дэлгүүрийг оруулж ирээд сая орчим барааг дэлгүүртээ тавьсан. Барааны үнэ нь манай улсад зарагдаж байгаа аль ч зах, дэлгүүрийн үнээс хямдхан. Монголчууд бид зөвхөн гадаадад очиж аваад хэрэглэдэг байсан бараанууд хүртэл тавигдсан. Өөрөөр хэлбэл, дэлхийд хаана ч байхгүй үнээр бараагаа худалдаж авах боломжийг олгож байна. 

Би амжилтад хүрч байж л сална. Удахгүй монголчуудын сонирхдог бусад улсын дэлгүүрүүдийг оруулж ирэхээр бид ажиллаж байгаа.

-  "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" чуулганыг энэ жил зохион байгуулах уу?

-  Энэ жил бид арванхоёрдугаар сарын сүүлээр "Хөрөнгө Оруулагч Үндэстэн" чуулга уулзалтаа зохион байгуулна. Тус уулзалтыг дөрвөн жилийн өмнөөс хийж эхэлсэн. Хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотойгоор гарч ирсэн хөдөлгөөн байгаа юм. Харин криптог ярьж эхлэхдээ Крипто Үндэстэн чуулга уулзалтыг хийж байсан.

Тэгвэл энэ жил хоёуланг нь хослуулаад “Крипто Үндэстэн 2019” томоохон хурлыг зохион байгуулна. Монголдоо очиж байгаад ажлын хэсгээ байгуулан тодорхой мэдээллийг өгөх боломжтой.

Тус хурлын үеэр телеграм дээр зарласан хамгийн идэвхтэй арилжаанд оролцож байгаа хүнээ шалгаруулж, шагнана. "Ард Санхүүгийн Нэгдэл" болоод миний бие хувьдаа соён гэгээрүүлэх ажилд маш их ач холбогдол өгч ажиллаж ирсэн. Цаашдаа ч ингэж ажиллана.

Нэмж хэлэхэд манай улс цаашид судалгаатай, тоо баримттай, эрдэмтэд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн дүгнэлтэд тулгуурласан бодлого шийдвэрийг гаргаж байж хөгжинө.  

- Ярилцсанд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.