Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Драмын болон Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг буулгах эсэх шийдвэр гараагүй байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн барилгыг буулган дахин шинээр барина гэх мэдээлэл гарсан нь олон нийтийн сүлжээнд "Эдгээр барилгыг хүчитгэн засварлах боломжтой юу, нураах шаардлага бий юу" гэх хэлэлцүүлгийг өрнүүлсэн билээ.

Төв талбай дээр болж буй Засгийн газрын нээлттэй өдөрлөгийн үеэр ч энэ хэлэлцүүлэг мөн өрнөж байлаа.

Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж буй хэсэгт шинээр барих барилгуудаас гадна дээрх гурван барилгын макетыг байрлуулжээ. Энэ үеэр УДЭТ, ДБЭТ, ҮНС-ийн ажилтнууд барилгыг буулгаад дахин барих асуудал яригдаж байгаа талаар тайлбар өгч байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

УДЭТ-ийн Ерөнхий зураач Т.Ганхуяг "1960 онд ашиглалтад орсон манай барилгын дээврийг 2015 онд засварласан. Дусаал дусаж шүүрсэн дээврийг засварлах ажил маш хүнд нөхцөлд хийгдсэн. Үүний дараа 2018 онд барилгын хананд тогтоосон байсан зурагнууд хөдөлж, суурийн хэсэгт цууралт үүссэн. Ингээд шалтгааныг тодруулахад тэр өдөр нь газар хөдлөлт болсон байна гэх мэдээллийг бидэнд өгсөн. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж, цууралт өгсөн суурийн хэсэгт шинжилгээ хийлгэхэд газар хөдлөлтийн 4 баллд шууд нурна, барилгын 60 хувь галд өртөмтгий гэх мэт мэдээллийг багтаасан тайлан гаргаж өгөөд байна.

Дотор нь ажилладаг уран бүтээлчийн хувьд хэлэхэд сүүлийн үеийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, хөшиг тогтоох болоход тааз маань дийлэхгүй болчихдог. Мөн анхнаасаа Залуучуудын соёлын төвийн зориулалтаар баригдсан учраас үзэгчдийн суудлын зохион байгуулалт, тайз нь театр биш, хурлын танхим шиг шийдэлтэй. Тиймээс уг барилгыг буулгаад дахин барих нь зөв гэж бодож байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг яам, Засгийн газраас гаргана" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

ДБЭТ-ын Захирал Ц.Төвшинтөгс "1949 онд барилгын ажил дуусаж, 1950 онд ашиглалтад орсон манай театрын хувьд хана цуурсан байдалтай байгаа. Гадны томоохон уран бүтээлчдийг урьж тоглуулах, шинэ тоног төхөөрөмж суурилуулах гэхээр зай талбай бага, тааз даахгүй зэрэг хүндрэл гардаг. Тиймээс буулгаад дахин барих асуудлыг хувьдаа дэмжиж байна.

Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу зураг төсөл боловсруулагдах ажил хийгдэж байгаа. Энэ сарын 27-нд болох БСШУСЯ-ны нээлттэй өдөрлөгийн үеэр шинэ загварыг танилцуулна гэж ойлгосон.

Барилгыг буулгаад дахин шинээр барих уу, хүчитгэн засварлах боломжтой юу гэдгийг зураг төсөл боловсруулж байгаа мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Манай хамт олны хувьд гарсан шийдвэрийг л дагана” хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин Үндэсний номын сангийн ажилтны хувьд “Би мэдээлэл өгөх эрхтэй хүн биш. Монгол Улсын чухал, нандин өв хадгалагдаж байгаа төв номын сангийн барилгын асуудал яригдаж байгаа учраас нухацтай төлөвлөж байж БСШУСЯ болон Засгийн газрын шийдвэрээр барилгыг буулгах эсэхийг шийднэ” гэсэн юм.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригтой холбогдон тодруулахад “Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангийн ажилтан, уран бүтээлчдийн зүгээс ирсэн саналыг үндэслэн зураг төсөл боловсруулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Гэхдээ Засгийн газрын зүгээс нэг шаардлагыг тавьж байгаа. Тэр нь хэрвээ буулгаад шинээр барихаар болбол барилгын архитектур, гаднаас харагдах байдал яг хуучин шигээ байх ёстой. Харин доторх тохижилтыг орчин үеийн шаардлагад нийцсэнээр тохижуулж болно.

Ер нь бол театрын дотоод тохижилт, орчин нөхцөл маш хүнд байгаатай танилцсаны үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан.

Гэхдээ зөвхөн зураг төсөл хийж байгаа бөгөөд буулгах, эсвэл засварлах шийдвэрийг мэргэжлийн хүмүүсийн саналыг үндэслэн гаргана” хэмээн тайлбарлалаа.