Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тейлор Свифт “Оны шилдэг” -ээр шалгарав

Б.Ууган, iKon.mn
2013 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Кантри дуучин Тейлор Свифт

Өнгөрсөн ням гаригт Лос-Анжелес хотын Нокиа театрд Американ Мюзик авардс наадам сүр дуулиантай болж өнгөрлөө. Энэ удаагийн наадамд дэлхийд нэр алдар нь түгсэн олон уран бүтээлчид шагнал хүртсний дотроос кантри дуучин Тейлор Свифт шагналын хурд дарагдаж, “Оны шилдэг уран бүтээлч”-ээр шалгарав.

Ингэснээрээ өдгөө 23 настай Свифт Жастин Тимберлейк, Рианна, Бруно марс, Маклемор болон Райан Льюисын гоцлол зэрэг өрсөлдөгчдөө хол хаяж, энэ өдрийн гол баатар болсон юм. Тейлор Свифт энэхүү нэр хүнд бүхий төрөлд дуучин болсноосоо хойш гурав дахь удаагаа тэргүүлж байгаа нь энэ юм.

Түүнээс өмнө ямар ч дуучин энэ амжилтыг эвдэж чадаагүй байв. Кантри дуучин бүсгүй “оны шилдэг уран бүтээлч”-ээс гадна “Шилдэг поп \рок дуучин”, “Шилдэг кантри дуучин” шагналыг хүртсний дээр хайр дурлал, шархалсан зүрхний тухай дуулах, 2012 онд гаргасан кантри цомгоороо “ Оны шилдэг цомог” номинацийн эзэн болжээ. Ёслолын арга хэмжээний гол шагналыг гардаж авах үедээ “Миний дуртай тоо 13. Тиймдээ ч та бүхэн 2013 оныг миний хувьд хамгийнх азтай, одтой он болголоо. Та бүхэн намайг сонгосон нь та нар ч гэсэн нэгэнтээ зүрхээ шархлуулж, хайрлаж дурлан, аз жаргалтай байсан гэдгийн нэгэн баталгаа. Миний дууг сонсож байгаа бол та бид нэг багийнхан” хэмээжээ. 


Ийнхүү оны шилдэгээр Тейлор Свифт тодорсон бол Жастин Тимберлейк шилдэг R&B цомог, Шилдэг R&B болон шилдэг поп эрэгтэй дуучин нэр төрөлд тэргүүлснээр гурван ч шагналын эзэн болжээ.

Харин One Direction, Маклемор болон Райан Льюис нар тус бүр хоёр шагналын эзэн болж харин Рианна Icon Award AMA  шагналыг хүртэв.

Энэ шагналыг гардаж авахдаа Рианна ээжийнхээ хамт тайзан дээр гарч ирсэн нь олны анхаарлыг ихэд татсан бол ээж Моника Фенти нь охиноороо дэндүү их бахархдаг тухайгаа үзэгчдэд дуулгаад амжжээ.

Рианна ээжийнхээ хамт тайзан дээр гарч ирэв

Nickelodeon-ы од Ариана Гранд оны шинэ уран бүтээлчээр, Жоржия Лайн “Круиз” дуугаараа оны шилдэг дуу, Люк Брайан оны шилдэг кантри эрэгтэй дуучин, Маклемор ба Райан Люис хослол шилдэг хип хоп дуучин болон шилдэг хип хоп цомог шагналыг хүртэв.

Маклемор хэмээх нэрээрээ алдартай Бен Хаггерти шагнал гардаж авах үедээ “Би энэхүү алдар хүндтэй шагналыг Флоридад гардан авч байгаа энэ үед Трэйвон Мартин болон жил бүр арьс өнгөөр ялгаврлан гадуурхалт, хүчирхийллээс болж хэдэн зуугаараа амиа алддаг хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулан хүндэтгэл үзүүлмээр байна” хэмээжээ. Энд дуулгахад Бен Хаггертийн дурсгалд нь хүндэтгэл үзүүлсэн Трэйвон Мартин хэмээх 17 настай өнгөт арьст хүү өнгөрсөн онд цагдаагийн ажилтны гарт амиа алдсан юм.

Энэ удаагийн ёслолын арга хэмжээг Япон үндэсний хувцсаар гоёсон Кэти Перри нээж, Япон үндэсний хувцас, дэвүүр, нүүр будалтаараа гайхуулсан бүжигчин бүсгүйчүүдийн үзүүлбэрээрээ шүтэн бишрэгчдийнхээ мэлмийг мялаав. Ёслолын арга хэмжээнд One Direction хамтлаг “Story of my life” дуугаа дуулахад үзэгчид дуу шуутай хүлээн авч, сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрсэн гэж хэлж болохоор байлаа.

Харин Тимберлейк “Drink you away” дуугаа гитар дээр нэг л “эв хавгүй” дууллаа хэмээн зарим нэг нь шүүмжилжээ. Женнифер Лопес Салсангийн хатан хаан Сэйла Круз-д хүндэтгэл үзүүлэх үеэрээ 20 гаран бүжигчнээ саатай мөнгөлөг даашинзаар хувцаслах гэж нилээдгүй тэвдэв бололтой. Тэрбээр цугласан олон руу хандан нүдээ ирмээд, бүжигчид нь түүнийг тойрон байж сүрлэг гэгч нь тоглолтоо дуусгав.

Леди Гага, Р.Келли хоёр “Do what u want” дуундаа зориулаад давгүй тоглолт бэлджээ. Келли ерөнхийлөгч, харин Гага ерөнхийлөгчийн нууц амраг Мэрилин Монрое-гийн дүрийг бүтээсэн нь энэ аж. Харин дуулиан шуугианы эзнээр тодрох болсон  Сайрус энэ тоглолт дээр тун ч даруухнаар биеэ авч явсан гэхэд болно.  Өмнөх шоунуудад  гаргаж байсан галзуу мэт “авир”-ынх нь нэг нь ч энэ удаад илэрсэнгүй. Гэхдээ Сайрус л юм хойно яаж зүгээр өнгөрөх вэ,  хэлээ гозолзуулж, уруул амаа янз бүр болгох гэх мэт  өөрийг нь илтгэх болсон жижиг үйл хөдлөлүүдийг хийгээд, тоглолтынхоо дараа нүдээ ирмэн, тайзнаас буужээ.