Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ-д оролцох эрхээ авсан ч өөр тамирчныг явуулах болсныг М.Пүрэвтунгалагийн гэр бүл эсэргүүцлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Чөлөөт бөхийн 53 кг-ын жингийн тамирчин 18 настай М.Пүрэвтунгалаг энэ онд Залуучуудын болон Насанд хүрэгчдийн улсын аварга болсноор чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах эрхээ авчээ.

Гэвч тэмцээндээ оролцож чадахааргүй болсон талаар ар гэрийнхэн нь өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын аваргад түрүүлснээр М.Пүрэвтунгалаг нь энэ оноос эхлэн шигшээ багт бэлтгэл хийж эхэлжээ. Түүний эцэг, эх нь Баянхонгор аймагт амьдардаг бөгөөд ээж нь шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулгаас охин нь бэлтгэлээ хэр хийж буйг асуухад хангалттай сайн байгаа гэсэн бол аавтай нь ярихдаа бэлтгэл дутуу тул ДАШТ-д оролцуулах боломжгүй хэмээн ялгаатай хариултууд хэлжээ.

М.Пүрэвтунгалагийн ээж С.Наранчимэг "Охин маань есдүгээр сарын 3-нд эмчид үзүүлэхэд 4-нөөс эхлүүлэн долоо хоногийн хугацаатай эмчийн магадлагаа бичиж өгөхийн хамт дөрвөн төрлийн шинжилгээ өг гэсэн байна. Тэдгээр шинжилгээг 5-ны өдөр өгөхөд бүгд хэвийн гарсан. 

Гэтэл охин минь дэлхийн аваргад оролцох боломжгүй болох гэж байна. Яагаад ийм нөхцөл үүсээд байгаа талаар Б.Баттулга дасгалжуулагчтай уулзан, холбогдох баримт бичгүүдийг үзье гэсэн юм. Ингэхэд тэдгээр баримт бичгийн дунд 14 хоногийн хугацаатай, эмчийн ямар нэг тамга тэмдэггүй акт байсан. 

Харин спортын эмч Ч.Насанбат долоо хоногийн хугацаатай акт бичсэн гэж байгаа юм. Мөн дасгалжуулагч Б.Баттулга охиныг минь ирээдүйтэй тамирчин, гэхдээ ДАШТ-д өөр тамирчин оролцуулахаар нэрийг нь явуулсан. Олимпын эрх авах хэрэгтэй гэсэн" хэмээв. 

Түүнчлэн тэрбээр "Охин минь сэтгэл санааны хүнд дарамтад байна, бэлтгэлээ хийж чадахгүй байна, хичээсэн ч өөр хүнийг явуулах гээд байна гэж уйлаад ярьдаг болсон. ДАШТ-д оролцох тамирчид есдүгээр сарын 12-нд эх орноосоо мордох тул түүнээс өмнө яаралтай энэхүү асуудлыг шийдэж, охиныг минь ДАШТ-д оролцуулахыг Монголын чөлөөт бөхийн холбооноос хүсэж байна" хэмээсэн юм.

Мөн М.Пүрэвтунгалаг тамирчны ах болон аав нь ДАШТ-д оролцох эрхээ авсан тамирчны өмнөөс өөр хүн оролцуулах гэж байгааг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

Б.Баттулга: Албан ёсны тайлбар мэдээлэл гаргана

Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгаас тодруулга авлаа.

Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга "М.Пүрэвтунгалагийн ээжтэй ярилцаж, нөхцөл байдлыг танилцуулсан боловч хэт нэг талын мэдээлэл хийжээ. Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбоотой зөвлөлдөж, албан ёсны тайлбар, мэдээлэл гаргана. Улсын аваргад түрүүлсэн эсэх нь ДАШТ-д улсаа төлөөлөн оролцох тамирчныг сонгох нэг үзүүлэлт. Түүнээс гадна бэлтгэл, сахилга бат, гэмтэл бэртэл зэрэг олон үзүүлэлтийг харгалздаг" гэв.