Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

43 стартап “Seedstars World” тэмцээнд бүртгүүлжээ

ikon.mn
2019 оны 8 сарын 29
iKon.MN

Дэлхийн 85 гаруй хотод зохион байгуулагддаг гарааны бизнесийн хамгийн том тэмцээн болох "Seedstars World" тэмцээн Улаанбаатар хотноо 08 сарын 30, 31-нд гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Уг тэмцээн нь хөгжиж буй орны залуучуудыг дэлхийд гарах боломж, үүд хаалгыг нь нээж өгдөг бөгөөд ялагч нь 500,000 доллар хүртлэх хөрөнгө оруулалт авдаг. "Seedstars World" тэмцээнийг зохион байгуулахаар Seedstars-ийн харилцаа, эвэнт менежер Дариа Клопова Монгол улсад хүрэлцэн ирээд байна. Энэ жил нийт 43 стартап бүртгүүлсэн байна.

 

Бүртгүүлсэн багуудаас эхний шатанд шалгарсан стартап багууд 8 дугаар сарын 30-нд Стартап Маркетинг Спэйс дээр менторуудтай биечлэн уулзаж зөвлөгөө авч, бизнесээ илүү боловсронгуй, өрсөлдөхүйц болгох үйл ажиллагаа явагдана. Уг арга хэмжээний менторуудаар Капитрон банкны Бизнес хөгжлийн газрын захирал С.Баянхангай, Азийн бизнесүүдийн холбооны тэргүүн О.Энхзул, IWFCI Mongolia Ерөнхийлөгч О.Байгаль, Терра экспресс ХХК-ын захирал Ш.Алтанбагана, Эрхис инк үүсгэн байгуулагч, “Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээний ялагч А.Мэнд-Орших, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зөвлөх Г.Мөнхгэрэл, On air үүсгэн байгуулагч С.Тэмүүжин, “Growth summit global” ХХК-ын үүсгэн байгуулагч Ч.Мэргэн, Seedstart харилцаа, эвент менежер Дариа Клопова, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, дэд профессор Г.Батхуяг, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн ахлах багш Ч.Энхболд, iTools гүйцэтгэх захирал Б.Тамир нар оролцож байна.

 
 

Наймдугаар сарын 31-нд #Hub инновашн төвд үндэсний хэмжээний ялагчаа тодруулах бөгөөд энэ жилийн шүүгчдээр Мобиком корпорацийн IT захирал Б.Мөнхзориг, Seedstars харилцаа, эвент менежер Дариа Клопова, “Стартап Маркетинг Спайс” ХХК-ын үүсгэн байгуулагч Ж.Золзаяа, Дэлхийн банкны зөвлөх Б.Загал, “М-Си-Эс” группын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Монголын худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцож байна.

 

Энэ жилийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Стартап Маркетинг Спэйс” ХХК 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд үндэсний ялагчийг “Стартап Маркетинг Спэйс” төвийн 2 жилийн ойн баяр дээр зарлах юм байна. Үндэсний ялагч баг бүсийн болон дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцох бөгөөд ивээн тэтгэгч байгууллагууд энэхүү боломжийг нь олгож байгаа юм.