"Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зургийг боловсруулах уралдааны явцын талаар өнөөдөр Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны долоодугаар сарын 9-ний өдрийн 94 дүгээр захирамжаар олон улсын жишигт нийцсэн 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг судалж, холбогдох санал шийдвэрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамжийг үндэслэн нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас тус уралдааныг зохион байгуулж байгаа аж.
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга "Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөгөөний ажлууд хийгдэж байна. 2040 оны ерөнхий төлөвлөгөөний ажил нь гурван үе шаттайгаар хийгдэх бөгөөд өнгөрсөн жил урд нь хийгдсэн ерөнхий төлөвлөгөөндөө үнэлэлт дүгнэлт өгсөн. Харин энэ жил концепцийг боловсруулах ажлууд хийгдэж байна.
Мөн 2020 онд Улаанбаатар хотыг 2040 он хүртэлх хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний боловсруулах ажил хийгдэх ёстой.
Бид өнгөрсөн тавдугаар сард иргэдийн оролцоог хангах үүднээс Д.Сүхбаатарын талбайн өмнө байрлах 2.5 га газар дээр авто зогсоол, усан оргилуур бүхий тохижилтын ажлын төслийн уралдааныг мөн зохион байгуулсан. Шалгарсан төсөл нь ирэх жилээс бүтээн байгуулалтын ажилдаа орохоор төлөвлөгдсөн байна.
Харин энэ удаа бид Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төсөл дээр уралдаан зарлаад байна. Уралдаанд нийт есөн бүтээл ирүүлсэн.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд тус бүтээлүүдийг удирдамжийн дагуу таван шалгуураар оноо өгч дүгнэх юм.
Үүнд:
Олон нийтээс санал авах шалгуурыг энэ сарын 16-19-ний өдөр www.uda.ub.gov.mn сайтаар нээлттэй явуулж дууслаа. Олон нийтийн санал асуулгад нийт 24,295 иргэн оролцож, санал өгсөн байна. Харин одоо ажлын хэсэг хуралдаж үлдсэн шалгуурууд дээр оноо өгч дүнгээ гаргана" гэв.
Тус уралдааны эхний шалгуур буюу олон нийтийн санал асуулгын дүн:
Нэгдүгээр багийн төсөл 256
Хоёрдугаар багийн төсөл 5,959
Гуравдугаар багийн төсөл 2,210
Дөрөвдүгээр багийн төсөл 5,485
Тавдугаар багийн төсөл 260
Зургаадугаар багийн төсөл 7,791
Долоодугаар багийн төсөл 163
Наймдугаар багийн төсөл 367
Есдүгээр багийн төсөл 1,804 саналыг тус тус авсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!