Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар хариу арга хэмжээ авч, АНУ-ын хөрөнгийн зах зээлийг унагалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп $300 тэрбумын дүнтэй Хятадын бараа бүтээгдэхүүнд есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн импортын татвар оноохоор болсныг зарласан нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд үргэлжилж байгаа худалдааны дайныг хурцатгасан билээ.

Тэгвэл Хятадын засгийн газар Даваа гарагт дараалан хоёр арга хэмжээ авсан нь Америкийн талд өгсөн хариу цохилт байлаа.

Нэг ам.доллартай харьцах юаний ханшийг 7-гоос хэтрүүлэлгүй хатуу барьдаг байсан Бээжингийн эрх баригчид өчигдөр ханшийг суллаж, зориудаар унагасан нь сүүлийн 11 жилийн түүхэнд анхны тохиолдол байв.

Ингэснээр Хятадын тал валютын ханшийг худалдааны дайны зэвсэг болгон ашиглах гэж байгаагаа Вашингтонд харуулсан хэрэг байлаа.

Юаний ханш сул байх нь Хятадын экспортод давуу тал бий болгож байгаа юм.

Үүний улмаас өчигдөр АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд огцом унаж, энэ оны хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. Dow Jones Industrial Average индекс 767 нэгжээр унасан бол S&P 500 индекс 2.98 хувиар, Nasdaq composite индекс 3.47 хувиар тус тус унажээ. АНУ-ын технологийн салбар хамгийн хүчтэй доргиж, Apple компанийн хувьцааны уналт бусдыгаа тэргүүлсэн байна.

Үүний дараа Хятадын засгийн газар АНУ-аас хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн худалдаж авахаа зогсоож байгааг зарлаад “наймдугаар сарын 3-наас хойш Америкаас авсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд импортын татвар оноох боломжийг үгүйсгэхгүй” гэж мэдэгджээ.

Зарим мэргэжилтнүүд Хятадын засгийн газрын авсан хариу арга хэмжээг 1-10 оноогоор хэмжвэл 11 гэж үнэлэхээр байгааг мэдэгдсэн нь АНУ-ын эдийн засагт хэр хатуу цохилт болсныг харуулж байна.

 Дээрх үйл явдлуудын дараа АНУ-ын сангийн яам албан ёсоор Хятад улсыг “currency manipulator” буюу валютын ханшийг удирдах замаар гадаад худалдаанд өөртөө давуу тал бий болгогч орноор зарлалаа.

Ингэснээр “шударга бус аргаар өрсөлдөх чадвараа өсгөсөн Хятад улсын эсрэг авах арга хэмжээ”-ний талаар АНУ-ын засгийн газар ОУВС-тай ярилцах боломжтой болж байгааг сангийн сайд Стивен Мнучин мэдэгджээ.

Хятад улсыг юаний ханшаа зориуд сулруулж, гадаад худалдаанд давуу тал олж авдаг гэж АНУ-ын засаг захиргаа эртнээс шүүмжилж байсан юм.

Өнгөрсөн гуравдугаар сард Хятад улсыг Вашингтон шууд “currency manipulator” гэж нэрлэхээс татгалзаж, “саарал жагсаалт”-д оруулж байжээ.

 

Эх сурвалж: Reuters