Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

50 жилийн өмнө далайд хаясан лонхтой зурвасны эзэн олджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр Австралийн өмнөд эргээс есөн настай хүү нэгэн лонхтой зурвас олжээ.

Уг зурвасыг 50 жилийн өмнө Британиас Австралийг гэр бүлийн хамт зорьж явсан 13 настай хүү бичээд хөлөг онгоцноос далайн усанд хаяж байсныг тогтоосон байна. Австралийн ABC суваг зурвасны эзнийг эрэн сурвалжилсаар Британид амьдардаг Пол Гилмор гэдэг хүн болохыг тогтоожээ.

Тэрээр одоо Балтийн тэнгист хөлөг онгоцоор аялж яваа тул багадаа бичиж байсан зурвас нь олдсон тухай мэдээгүй байгаа гэнэ. ABC сувгийнхан Британи, Австралид амьдардаг Гилморын эгч болон эрэгтэй дүүтэй холбоо бариад байгаа ажээ.

 

Тухайн үед залуу Гилмор зургаан ширхэг лонхтой зурвасыг далайд хаяж байсныг эгч Энни Кроссланд нь баталсан байна. Тэдний гэр бүл Британиас Австралид цагаачлан амьдрахаар аялж байжээ.

Захидлаар харилцах шинэ найз хайж байсан Гилмор зурвастаа “Бид Австралийн баруун эргээс 1,000 милийн зайд явж байна. Олсон хүн хариу бичээрэй” гээд Мелбурн хот дахь шинэ гэрийнхээ хаягийг бичсэн байна.

Австралид хэсэг амьдарсныхаа дараа 1973 онд Пол Гилмор Британи руугаа буцаж байжээ.

Зурвасыг олсон есөн настай Жаи Эллиот хүү хариу захиаг Мягмар гарагт хаягийн дагуу бичиж илгээсэн байна. Эгч, дүү нар нь энэхүү захидлыг Гилморыг далайн аялалаас буцаж ирсний дараа дамжуулж өгөхөөр болсныг ABC суваг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press