Тэрбээр өчигдөр буюу долоодугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаа харилцаа болон Батлан хамгаалахын сайд, УИХ-ын даргатай уулзалт хийгээд буцахаасаа өмнө Монголын цөөн хэвлэлд ярилцлага өгснийг хүргэж байна.
Ноён Жон Болтон ярианыхаа эхэнд Монгол Улс болон АНУ хоорондын харилцаа чухал ач холбогдолтой болохыг тодотгох зорилгоор ирсэн гэдгээ хэлээд
“Монголын өндөр дээд албан тушаалтнууд бүгдээрээ хүлээн авч, хүндэтгэн уулзсанд талархах нь зүйтэй. Бидний уулзалт эерэг, хэлэлцсэн асуудлууд бодитой, тодорхой байлаа. Тиймээс энэ уулзалт маш амжилттай болсон гэдгийг тодотгомоор байна. Энэ бол 2016 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригээс хойш Монголд АНУ-ын төрийн дээд албан тушаалтан ирж буй анхны тохиолдол тул хоёр орны харилцааны хувьд чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэмээр байна” гэсэн юм.
UB Post сонин: -Таны энэ айлчлал Монгол Улсад ямар өгөөжтэй вэ?
-Миний хийсэн бүх уулзалтаас АНУ болон Монгол Улсын харилцааг улам гүнзгийрүүлэх сонирхол өндөр байгаа нь харагдсан бөгөөд манай улс ч мөн ийм зорилготой.
Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгах асуудлаас эхлээд ОХУ, Хятадын харилцаа гээд бид маш өргөн хүрээнд ярилцлаа.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан, миний дарга Ж.А.Бэйкер 1990 онд Монголд хийсэн айлчлалынхаа үеэр “гуравдагч хөршийн бодлого”-ыг монголчуудад санал болгож байсан бол өнөөдөр хэрэгжээд явж байгаа бөгөөд дээрх хоёр орноос бусад, гуравдагч хөршүүдийн талаар ярилцав. Монгол Улс дахь АНУ-ын эдийн засгийн оролцоог хэрхэн сайжруулах тухай ч хэлэлцсэн. Дүгнээд хэлбэл, боломж маш их байгааг бид харсан.
Эдийн засгийн тухайд бидний өгсөн өмнөх амлалтуудыг хүн бүр сануулан тодруулж байсан. Уулзалтууд маш үр дүнтэй болсон бөгөөд цаашид ч өгөөжөө хүртээнэ гэж найдаж байна.
Монголын өндөр албан тушаалтнуудын тавьсан бүх саналыг би Вашингтонд дамжуулна. Нааштай хүлээн авна гэж найдаж байна.
MNB World: -Батлан хамгаалахын сайдтай уулзах үеэрээ та ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Бид хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцсан. Та бүхний мэдэж байгаачлан манай хоёр улс хамтарсан дасгал сургуулилалтыг хэдийн эхлүүлсэн. Монголын цэргүүдийг АНУ-д сургаж байна. Тухайлбал, АНУ-ын Тэнгисийн цэргийн академид гурван монгол оюутан сурч байна. Тэд инженерийн талаар маш их зүйл сурах бөгөөд маш сайн офицер болон бэлтгэгдэж гарах болно.
Энэ бол бидний хамтран хэрэгжүүлж буй сургалтын зөвхөн нэг жишээ. Хоёрхон долоо хоногийн өмнө болсон “Хааны эрэлд” сургуулилалтад 38 орны 2,000 орчим цэрэг оролцсон.
Хамтын ажиллагааны хүрээнд кибер аюулгүй байдлын талаар хамтран ажиллах арга замуудыг эрэлхийлж буй.
Аюулгүй байдлын хамтын ажиллагааны хамгийн чухал ач холбогдолтой, гайхалтай жишээ бол АНУ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монголын алба хаагчид маш тогтвортой хугацаанд идэвхтэй дэмжиж оролцож ирсэн явдал. Энэ ажиллагаа Ирак, Афганистанд одоо ч үргэлжилсээр байгаа.
Энэ бүхэн нь цэрэг армийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж буйн тод жишээ бөгөөд цаашид ч үргэлжлүүлэхийг хоёр улс ялгаагүй маш их хүсэж байна.
-Indo-Pacific буюу АНУ-ын Ази, Номхон далайн бүсэд явуулж буй бодлогод Монгол Улс ямар байр суурьтай гэж та харж байна вэ?
-Номхон далайн бүхий л бүс нутаг дахь бодлогоо бид ийн нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутгийн улс орон бүр өөрийн гэсэн бодлогоо хэрэгжүүлэх чадвартай бөгөөд бид аль нэг улсад давамгайлах биш, бүх дэлхийд нээлттэй байхыг хүсэж байгаа юм.
Манай улс ч мөн Номхон далайн бүсэд хамаараад зогсохгүй стратегийн энэ нэр томъёонд Зүүн Ази, Төв Ази буюу Монгол Улс багтаж буй. Газар зүйн энэхүү байрлал маш чухал бөгөөд Монгол болон Япон улстай бид илүү ойр хамтран ажиллаж байна. Эдгээр улс нь Солонгосын хойгийн талаар мэдлэг сайтай.
Indo-Pacific бодлогын бүхий л ашиг сонирхол, хамтын ажиллагаа нь Монгол Улсыг төв болгож буй. Тиймээс Ази, Номхон далайн бүс нутаг дахь жижиг орнууд чухал төдийгүй зарим том улс орон ч энэ бүс нутагт бий. Гэхдээ энэ бүх орон ижил, тэгш байх ёстой гэж харж байгаа.
iKon.mn: -АНУ Монгол Улстай, ялангуяа эдийн засгийн хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ. Мөн АНУ-ын гуравдагч хөршийн худалдааны бодлого ямар шатанд явж байна вэ?
-Эдгээр асуудлыг бид хэлэлцэж байгаа. Миний харж байгаагаар Монгол Улсад манай улсын зүгээс хөрөнгө оруулах маш олон боломж байна. Эрдэс баялгийн салбар, бусад олон төрлийн бизнес хөрөнгө оруулалтын орчноос шалтгаалж буй. Монгол Улсын ил тод байдлыг хангах арга замуудын талаар бид ярилцсан. ОУВС-тай хамтран ажиллаж буй хүрээнд санхүүгийн системийн ил тод байдлыг хангахад чиглэсэн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгосон.
Цагаан ордонд хэлэлцэгдэж байгаа Гуравдагч хөршийн худалдааны бодлого нь Монголд маш олон давуу тал, боломжийг бий болгох юм. Гэхдээ хятад бараа бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэсэн мэтээр Хятад улс Монголыг ашиглаж, давуу тал олж авахаар оролдох вий гэдэгт бид санаа зовж байна. Монгол Улсаас ирж байгаа ч Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байвал яах вэ гэж.
Мэдээж, эцсийн үр дүнд Монгол, АНУ-д биш, Хятадад ашиг тусаа өгсөн харилцааг Монгол Улстай бий болгохыг бид хүсэхгүй. Гуравдагч хөршийн худалдааны хэлэлцээрээс Монгол биш, Хятад улс өгөөж хүртэхийг бид хүсэхгүй. Энэ бол олон улсын худалдааны салбарт гарч ирдэг томоохон сэдэв. Тиймээс Хятадын энэ туршлагын хохирогч болохгүй байгаасай л гэж хүсэж байгаа юм. Энэ нь хоёр орны эдийн засгийн хүрээнд өрнөж буй гол яриа. АНУ-ын дэлхий даяарх худалдааны түнш орнуудтайгаа ийм төрлийн хэлэлцээг хийж ирсэн. Тиймээс Олон улсын эдийн засгийн асуудлаар Монгол Улстай хийж буй энэ хэлэлцээ нь хоёр орны эдийн засгийн харилцааг үнэхээр гүнзгийрүүлэх юм.
Өдрийн сонин: -Таны уулзалтыг маш чухал уулзалт хэмээн Монголд ярьж байна. Уулзалтын тань хамгийн чухал ач холбогдол нь юу вэ?
-Энэ бол хоёр талын харилцааг АНУ-ын Засгийн газар хэрхэн дүгнэж буйн чухал илрэл гэж бид бодож байна. Бид хоёр орны эдийн засгийн төдийгүй аюулгүй байдлын талаар, мөн бүх талын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх арга замуудын талаар маш өндөр түвшинд ярилцсан талаар би дээр дурдсан. Тухайлбал, өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд Вашингтонд айлчилж, АНУ-ын дэд Ерөнхийлөгчтэй уулзсан бол ГХ-ны сайд мөн Вашингтонд болсон Шашны эрх чөлөөний олон улсын хуралд оролцож, албаны бусад хүнтэй уулзсан. Батлан хамгаалахын сайдтай мөн би анх удаа Вашингтонд уулзсан.
Энэ бүх уулзалт бидний ярьж хэлэлцэж буй бүхий л асуудлуудад ахиц дэвшил гарахад түлхэц болох чухал ач холбогдолтой. Цаашид хийж гүйцэтгэх шаардлагатай олон ажил бий. Ийнхүү Монголд ирж, тодорхой асуудлуудаар хэлэлцэж байгаа нь маш том ач холбогдолтой гэж үзэж байна.
-Саяхан Монгол Улсын ҮАБЗ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, олон шүүгчийн эрхийг Ерөнхийлөгч түдгэлзүүлэх боломжтой болсон нь ардчиллын үнэт зүйлийг алдагдуулах нөхцөл бүрдсэн гэж үзэж буй. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ асуудлын талаар би сайн мэдэхгүй. Харин АНУ-ын талаар хэлж чадна. Холбооны шүүгчдийг Ерөнхийлөгч нэр дэвшүүлдэг бөгөөд баталгаажуулах эрх нь Сенатад байдаг. Мөн муж бүр шүүгчээ өөр өөр замаар томилдог.
Аливаа улс болгон өөр өөр түүхэн замнал, ардчилалтай нийцсэн өөр бодлоготой учраас ийм л зүйл хэлэх байна.
Ройтерс: -Таны Монголд хийж буй уулзалт сонирхолтой цаг үетэй давхцаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагчтай анх удаа цэрэггүй бүсэд хийж буй уулзалтад оролцохын оронд Монгол ирэх болсон шалтгаан тань юу вэ?
-Монголд хийж буй энэ уулзалт эртнээс төлөвлөгдсөний эцэст амжилттай боллоо.
Энэ бол миний хувьд урт аялал байв. Эхлээд Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн зохион байгуулсан, Израил, ОХУ, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн анхны уулзалтад оролцож, Осакад болсон “Их 20”, үүний дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин болон бусад хүмүүстэй хийсэн уулзалтууд бүгд миний хийхээр төлөвлөж байсан ажлууд.
Харин Ерөнхийлөгч Трамп БНСУ-ыг зорьж, цэрэггүй бүсэд Ким Жон Унтай уулзах хүсэлтээ жиргэснийг тэрбээр зөвшөөрсөн нь маш богино хугацаанд хоёр орны төрийн тэргүүн болон ГХ-ны сайд нарын тохиромжтой цаг үед гаргасан шийдвэр байсан.
Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Парламентын бусад хүмүүстэй уулзах боломжийг алдаж болохгүй гэж үзсэн. Тиймээс энэ шийдвэрийг түвэггүй гаргасан. Монголд байгаадаа, энэ уулзалтыг хийсэндээ баяртай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!