Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнам улс Хятадад үйлдвэрлэсэн хууль бус экспортын бараа бүтээгдэхүүнд тавих хяналтаа чангатгана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Америк-Хятадын худалдааны дайнаас шалтгаалан Хятадад үйлдвэрлэсэн барааг “Made in Vietnam” хуурамч шошготойгоор АНУ-д гаргах явдал нэмэгдсэн тухай Вьетнамын засгийн газар Ням гарагт мэдээлжээ.

“Барааны гарал үүслийг хуурамчаар үйлдэн хууль бусаар экспортлох явдал оёмол эдлэл, далайн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зөгийн бал, төмөрлөг, гангийн үйлдвэрлэлийн салбарт нэмэгдэх боллоо” гэж тус улсын гаалийн газрын мэдэгдэлд дурдсан байна.

Хятадаас импортлосон барааг дахин савлахдаа “Made in Vietnam” шошго наан Вьетнамын гарал үүслийн гэрчилгээтэйгээр АНУ, Европ, Японы зах зээлд гаргасан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ.

Вьетнамын гаалийн алба ийм хууль бус үйлдлийг илрүүлэх аргачлал боловсруулж, буруутныг хатуу шийтгэх арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.

Америк-Хятадын худалдааны дайнаас хамгийн их ашиг олж байгаа улсуудын нэгэнд Вьетнам улс тооцогддог. Импортын өндөр татвараас зугтахын тулд үндэстэн дамнасан томоохон компаниуд үйлдвэрээ Хятадаас Вьетнам руу нүүлгэж байгаа.

Энэ сарын эхээр Японы Номура Холдинг компанийн гаргасан судалгаанд өгүүлснээр худалдааны дайнаас хамгийн их хожих улсыг Вьетнам гэж тодорхойлсон байна. 

 

Эх сурвалж: Reuters