Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хил нээгдсэний дараа олон мянган хүн Венесуэлиэс Колумби руу цутгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн дөрвөн сарын турш хаалттай байсан хилээ нээх шийдвэрийг Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр гаргасны дараа олон мянган хүн хөрш Колумби руу цутгажээ.

Хоёр орны хил дээр орших Кукута хотын ойролцоох гүүрэн дээр иргэдийн урт дараалал үүссэн байна. Тэдгээр хүмүүс хоол хүнс, эм тариа олж авахаар яарч байгаа юм.

Өнгөрсөн хоёрдугаар сард сөрөг хүчнийхэн гадаадын тусламжийн ачааг Венесуэльд оруулж ирэх гэж оролдсоны дараа тус улсын социалист засгийн газар Колумби, Бразилтай залгаа хилүүдээ хаасан юм.

Голдуу АНУ-аас ирсэн тусламжийн ачааг Николас Мадуро хүлээж авахаас татгалзаж байжээ.

Тавдугаар сард Мадуро хөрш Бразилтай залгаа хилээ нээсэн бол Бямба гарагт Колумби улстай холбодог хилийн хоёр гүүрийг нээж байна.

Нэгэн үе Латин Америкийн хамгийн баян улс байсан Венесуэльд эдийн засгийн гүн хямрал болж, энэ онд инфляцийн хэмжээ нь 10 сая хувьд хүрэхээр байгаа.

Өнөөдрийн байдлаар өдөр бүр 5,000 хүн Венесуэлиэс явж байгааг НҮБ-ын тоо баримт харуулж байна. Өчигдөр бас НҮБ-ын дүрвэгсдийн байгууллагын тусгай элч, Холливүүдийн жүжигчин Анжелина Жоли Колумби-Венесуэлийн хилд зочилж, дүрвэгчдийн нөхцөл байдалтай танилцжээ.

Тэрээр хилийн боомтыг зорихоосоо өмнө Колумбийн ерөнхийлөгч Иван Дюктэй уулзсан байна. Хэдийгээр дүрвэгсдийн том цуваа улс орон руу нь орж ирэхийг мэдэж байгаа ч Иван Дюк хилээ нээлттэй байлгах амлалт өгөөд байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд нийт 4 сая хүн Венесуэлиэс явсан нь хүн амын бараг 15 хувь болж байгааг НҮБ өнгөрсөн Баасан гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш нийт нэг сая хүн дүрвэсэн нь сүүлийн үед Венесуэльд амьдрах нөхцөл улам хүнд болж байгааг харуулж байна.

 

Эх сурвалж: Associated Press