Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Ганхуяг: “Данийн Хааны Балет”-ын тэргүүн гоцлоочдын тоглолтыг Улаанбаатарт үзэх боломж тохиож байгаад баяртай байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

 “Данийн Хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт” тоглолтыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус тоглолт 2019 оны зургаадугаар сарын 29-ний өдөр “Corprate Convention Centre“-т 18:00 цагт болно. 

“Данийн Хааны Балет” нь 1748 онд байгуулагдсан бөгөөд балетын урлагийн анхдагчдын нэг хэмээн тооцогддог. Уг театрын балетчид нь АНУ, Канад, Франц, Румын, Испани зэрэг орнуудын нэртэй театруудын тайзыг чимж явдаг. Эдүгээ Данийн Хааны театрт уригдан ажиллаж байгаа балетчид ажилладгаараа дэлхийн балетын салбарт бишрэгддэг.

Үзэгчид энэхүү тоглолтод хүрэлцэн ирснээр Хааны Балет”-ын 33 дахь уран сайхны удирдагч ноён Николас Хюббе- ээр удирдуулж буй дэлхийн тэргүүн балетчидын, зуун зуун дамжин нийгмийн тусгал, үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхийг догдлуулсаар ирсэн суут туурвигчдын сор болсон сонгодог бүтээлүүдийн дээжийг үзэх болно. Түүнчлэн уг тоглолтын дундуур олон сонирхолтой хөтөлбөрүүд зохион байгуулагдахаас гадна, тоглолтын ашгаасаа сайн үйлсийн аян эхлүүлэхээр бэлдэж буй талаар зохион байгуулагч талууд онцолсон юм.

Монгол, Данийн харилцаа зуу гаруй жилийн түүхтэй
 
Гэрэл зургийг MPA.mn

Олон улсын урлаг, боловсролын хөгжлийн академийн тэргүүн Ч.Батгэрэл  "Олон улсын урлаг боловсролын хөгжлийн академи нь тололтыг зохион байгуулагчаар ажиллаж байна. Манай академи балет, сонгодог хөгжим, олон улсын өргөн хэрэглээний гадаад хэлний анги нээн ажиллуулж байгаа. Тэр утгаараа  улсдаа олон улсын урлаг, боловсролын сургалт семинар, томоохон тоглолт, тэмцээн уралдааныг цааш цаашдаа зохион байгуулахаар төлөвлөж, хамгийн эхний зохион байгуулж буй үйл ажиллагаа нь "Данийн Хааны Балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт” хэмээх тоглолт юм. Тоглолтод есөн жүжигчин, албаны гурван хүний хамтаар хүрэлцэн ирнэ. 

Монгол, Данийн харилцаа зуу гаруй жилийн түүхтэй. Хоёр орны харилцаа нь соёл, улс төр, бизнес, эдийн засаг, аж ахуй иргэдийн харилцаанд үндэслэн  хөгжиж эхэлсэн. Энэхүү гайхамшигтай тоглолтоос гайхамшгийг мэдрээсэй хэмээн хүсэж байна” хэмээв. 

Хааны балетын тэргүүн гоцлоочид тоглолт хийж байгаа нь өөрсдийнх нь санаачилга юм
 
Гэрэл зургийг MPA.mn

СГЗ Н.Ганхуяг “Дэлхийд алдартай “Данийн Хааны Балет”-ын тэргүүн гоцлоочдын төгс тоглолтыг Улаанбаатарт үзэх ховорхон боломж балетын урлагийг хүндлэн дээдлэгч, сонирхогчдод тохиож байгаад баяртай байна. Балетын урлагаар дамжуулан Монгол орныг Дани улсад сурталчлах олон боломж нээгдэж байгаа хэрэг. Мөн хааны балетын тэргүүн гоцлоочид тоглолт хийж байгаа нь өөрсдийнх нь санаачилга юм. Хувь хүмүүсийн хувьд манай орныг сонирхож буй явдал нь Монгол улс онцлогтой улс гэдгийг илтгэж байна” гэв.