Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Их хэмжээний муудсан мах хөлдөөн бэлтгэж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг өчигдөр баривчилж, цагдан хорьсон"

Г.Номин, iKon.mn
2019 оны 5 сарын 24
iKon.MN

Эмээлтийн орчимд их хэмжээний муудсан махыг зориулалтын бус газарт хадгалж, бэлтгэж байсныг Эрүүгийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран илрүүлэн шалгаж байна.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.

Б.Баатархүү: Бэлтгэсэн махаа хаашаа нийлүүлэх гэж байсныг одоогоор тогтоогоогүй байна
Гэрэл зургийг mpa.mn

- Хэр хэмжээний, ямар малын мах байсан талаар мэдээлэл өгөөч?

- Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын алба хаагчидтай хамтраад 32 дугаар хороонд байрлах мах бэлтгэлийн үйлдвэрт муудсан байж болзошгүй их хэмжээний махыг боловсруулж байна гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явууллаа.

Урьдчилсан байдлаар үхрийн 25 тонн муудсан махыг хадгалж, бэлтгэж байсан нь тогтоогдсон. Махны өнгө, үнэр зэргийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллага муудсан гэж үзэж байгаа.

- Бэлтгэж байсан гэдгийг тодруулахгүй юу?

-Харласан, эвгүй үнэртэй махыг хөргүүргүй чингэлэгт хадгалж байсан. Тухайн махаа том савтай уусмалд хийж гаргаад яснаас нь шулж, савлаад хөлдөөх үйл явц хийгдэж байсан нь тогтоогдсон. Шингэн уусмал нь ямар найрлагатайг тодруулахаар мэргэжлийн хяналтын байгууллага уусмал болон махнаас шинжилгээ авсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна.

Зураг дээр дарж томруулж харна уу.

Хүнсний үйлдвэрлэл явуулах боломжгүй, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй нөхцөлд мах бэлтгэж байна хэмээн МХЕГ урьдчилсан байдлаар дүгнэсэн.

- Үйл ажиллагаа явуулж байсан ААН-ийн талаар мэдээлэл өгөөч?

- Энэ хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг хойшлуулшгүйгээр сэжигтнээр тооцон баривчилж, 461 дүгээр ангид саатуулсан. Урьдчилсан байдлаар тухайн обьектыг түрээсээр ашиглаж байсан гэж байгаа бөгөөд махны гарал үүслийн бичиг болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч ирээгүй. Шалгалт үргэлжилнэ.

Бэлтгэсэн махаа Улаанбаатарын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх гэж байсан уу, эсвэл экспортлох зорилготой байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй байна.

НМХГ: Мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй байна

НМХГ-аас "Эмээлтэд байрлах "ТМ Эко хүнс" ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд хийсэн шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй 20 гаран тонн үхрийн мах байсныг илрүүллээ.

Иймд тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өглөө. Хяналт шалгалт үргэлжилж байна" хэмээн мэдээлээд байна.



Муудсан мах Улаанбаатарчуудын хүнсэнд нийлүүлэгдсэн, эсвэл экспортлогдсон бол яах вэ?

Уг хэрэгтэй холбогдуулан энэ мах Улаанбаатарчуудын хүнсэнд нийлүүлэгдсэн бол яах вэ, экспортлогдож, монгол малын махны чанарын талаар сөрөх ойлголтыг өгвөл мөн яах гэдэг талаар асуудал урган гарч байна.

Ямар аюул дагуулж болох талаар зарим статистик мэдээллийг хүргэвэл:

  • Монголчууд үхэр, хонины махыг зонхилон хэрэглэдэг. Max, махан бүтээгдэхүүний худалдан авагчдад чиглэсэн асуумж, судалгааны үр дүнгээс үзэхэд нийт 271 хэрэглэгчийн ихэнх нь буюу 80 хувь нь үндсэн хэрэглээндээ үхэр болон хонины махыг хослуулан хэрэглэдэг хэмээн хариулжээ.
     
  • Манай улс 2018 онд 54.9 мянган тонн мах экспортод гаргаж, 160 орчим сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгийн орлого олсон. Экспортолсон махны 37.3 мянган тонн нь хөлдүү мах байжээ. Одоогоор манай улс БНХАУ, Орос, Вьетнамын чөлөөт бүс, Иран, Казахстан, Япон зэрэг улс руу мах экспортолж байна.