Өнгөрсөн долоо хоногт Бельгийн Вангийн Анагаах Ухааны Академи хүүхэд, өсвөр үеийнхэн, жирэмсэн эмэгтэйчүүдэд “веган” хооллолтын дэглэм сахихгүй байхыг зөвлөжээ.
Тус улсын хүүхдүүдийн 3 орчим хувь нь мах, өндөг, сүү зэрэг амьтны гаралтай хүнс огт хэрэглэхгүй байх хооллолтын дэглэм сахидаг байна. Ингэснээр зайлшгүй шаардлагатай шим тэжээл дутагдаж, бие махбод болон тархины хөгжил саатах эрсдэлтэй гэж судлаачид дүгнэжээ.
Тус академи нь Бельгийн засгийн газарт зөвлөх үүрэгтэй юм.
Судалгааг ахалсан доктор Жорж Касимир веган дэглэм сахих нь хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд “засаршгүй” хор хөнөөл учруулах аюултайг анхааруулсан байна.
Тухайлбал веган хооллолт нь тархины хөгжилд чухал үүрэгтэй уураг, өөх тосны нийлүүлэлтийг зогсоодог гэж дүгнэжээ.
D болон B12 витаминууд, кальци зэрэг хүний биеийн хөгжилд чухал үүрэгтэй бодисууд дан ургамлын гаралтай хүнсээр хооллох үед бараг нөхөгддөггүй байна. Веган дэглэмээс татгалзах боломжгүй бол шаардлагатай нэмэлт тэжээл хэрэглэх, эмчийн хяналт үзлэгт байнга хамрагдаж байхыг академийн судлаачид зөвлөжээ.
“Веган” нэр томъёог 1944 онд амьтны гаралтай хүнснээс татгалзах үзэлтэй хэсэг хүмүүс бий болгосон тухай Vegan Society сайтад мэдээлсэн байна. Хооллох ийм дэглэм сахиснаар зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, таргалалт, хорт хавдраас сэргийлэх эрүүл мэндийн ач холбогдолтой гэж зарим судлаачид үздэг.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!