Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Банкуудын нийт активын 68%-ийг топ ГУРВАН БАНК ДАНГААРАА эзэлж байна

Б.Ану
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Арилжааны банкуудын нийт активын 86 хувийг топ таван банк, 68 хувийг топ гурван банк дангаараа эзэлж байна.

2019 оны нэгдүгээр улиралд Банкны секторын активын хэмжээ өмнөх улирлаас 1.4 хувиар өсөж 33.5 их наяд төгрөгт хүрчээ.

Активын өсөлтийг бүтцээр нь харвал:

  • гадаад актив 54%,
  • үндсэн хөрөнгө 4.1%-ийн өсөлт үзүүлсэн бол
  • төв банкны үнэт цаас 12.8%,
  • банкны нөөц 2.7%,
  • засгийн газрын авлага 1.3%-иар тус тус буурсан байна.

Мөн 2019 оны нэгдүгээр улиралд улсын төсөв ашигтай гарсан нь банкны сектор дахь авлагыг бууруулах нөхцөлийг бүрдүүлжээ.

Банкны секторын 2019 оны нэгдүгээр улирлын тайланг Монголын Банкны Холбоо өнгөрсөн долоо хоногт танилцуулсан юм.

График 1, Банкуудын нийт актив, 2019.I улирал,

Тайлангаас үзвэл, активын улирлын өсөлтийн хувьд нэгдүгээр улиралд Худалдаа Хөгжлийн Банк болон Хас Банк тус тус гурван хувийн өсөлттэй байжээ.

Сүүлийн дөрвөн улирлын өсөлтийг харахад Хаан Банкны активын өсөлт тогтвортой зургаан хувь орчимд байгаа бол Хас Банк болон Голомт Банкны активын өсөлт хэлбэлзэл өндөртэй байгааг тайланд дурджээ.

Банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгө өмнөх улирлаас 89 тэрбум төгрөгөөр өссөн байна. 

Банкуудаар задлан харвал:

  1. Хаан Банк 61 тэрбум,
  2. Хас Банк 12 тэрбум,
  3. Төрийн Банк 3 тэрбум төгрөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлжээ.

Ашигт ажиллагааны үзүүлэлт буюу өөрийн хөрөнгийн өгөөжөөр Хаан Банк дөрвөн хувиар тэргүүлж, гурван хувиар ХХБ, хоёр хувиар Хас Банк удаалсан байна.

График 2, Банкуудын ашигт ажиллагаа, топ 5 банк, 2019.I улирал

Банкуудын харилцагчаас татсан эх үүсвэр буюу харилцах хадгаламжийн хэмжээ 2019 оны нэгдүгээр улиралд системийн хэмжээнд 395 тэрбум төгрөгөөр буюу 1.9 хувиар өсжээ.

График 3, Топ 5 банкны харилцах, хадгаламжийн хэмжээ, 2019.I улирал

График 4, Харилцах хадгаламжийн улирлын өсөлт, топ 5 банкаар,

Тайлант улиралд Хас Банк, Төрийн Банкны харилцагчийн эх үүсвэр системийн дунджаас өндөр өсөлттэй байв.

 

Банкуудын шинээр олгосон зээлийн хэмжээ өмнөх улирлаас 40% буурчээ

Нийт зээлийн үлдэгдлийн:

  • 50 хувийг худалдаа, үл хөдлөх, барилга, боловсруулах болон уул уурхайн салбар,
  • 18 хувийг бусад салбар эзэлж байгааг тайланд дурджээ.

Харин цалин, тэтгэврийн зээл нийт зээлийн үлдэгдлийн 25 хувь буюу 4.3 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байна.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар худалдааны салбарын зээлийн үлдэгдэл 2.5 их наяд төгрөг, уул уурхайн салбар 1.3 их наяд төгрөг байгаа юм.

Банкны системийн чанаргүй зээлийн хувь 2018 оны эхний гурван улиралд дунджаар 8.6 хувь байсан бол оны төгсгөлд 10.4 хувь болоод байсан. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт зээлийн 10.7 хувь чанаргүй байна.

 2019 оны нэгдүгээр улиралд чанаргүй зээлийн хэмжээ өмнөх улирлаас 4.6 хувиар өсөж, 1.9 их наяд төгрөгт хүрчээ. Зээлийн эрсдлийн сангийн хувьд улирлын эцсээр 1.4 их наяд буюу нийт чанаргүй зээлийн 75.4 хувьтай тэнцэж байна.

Чанаргүй зээлийн хувийг салбараар авч үзвэл хамгийн өндөр нь уул уурхайн салбар  байгаа бөгөөд нэгдүгээр улиралд өмнөх улирлаас хоёр нэгж хувиар буурч, 36 хувьд хүрсэн байна.

Мөн боловсруулах салбар болон барилгын салбарын чанаргүйдлийн хувь системийн дунджаас өндөр байгаа юм.

Нийт зээлийн үлдэгдлийн 89 хувийг системийн топ 5 банк эзэмшиж байна. 

Зээлийн чанаргүйдлийн хувьд системийн хэмжээнд өмнөх улирлаас 0.3 нэгж хувиар өсөж, 10.7 хувьд хүрсэн тухай дээр дурдсан.

Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банкны чанаргүй зээлийн хувь өмнөх улирлаас буурсан бол Голомт банкны чанаргүй зээлийн хувь 1.7 нэгж хувиар өссөн байна. Энэ нь системийн хэмжээнд байгууллагын зээлийн чанаргүйдэл буурч, иргэдийн зээлийн чанаргүйдлийн хувь өссөнтэй холбоотой тухай тайланд дурджээ.

График 5, Топ 5 банкны зээлийн үлдэгдэл тэрбум төгрөг, 2019.I улирал,

Банкны зээлийн үлдэгдлийг сегментээр харвал:

  • байгууллагын зээл 6.0 их наяд,
  • жижиг дунд үйлдвэрлэлийн зээл 3.5 их наяд,
  • иргэдийн зээл 7.8 их наяд төгрөг байна.

Өмнөх улиралтай харьцуулахад байгууллагын болон иргэдийн зээл харгалзан 0.9 ба 0.6 хувиар, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл 4.2 хувиар тус тус өссөн байна.

Харин зээлийн чанаргүйдлийн хувьд:

  • байгууллагын зээл 20 хувь,
  • ЖДҮ-ийн зээл 14 хувь,
  • иргэдийн зээл 2.3 хувь байна.

Иргэдийн зээлийн чанаргүйдлийн хувь өмнөх улирлаас 0.2 нэгж хувиар, ЖДҮ-ийн чанаргүйдлийн хувь 1.2 нэгж хувиар өссөн. Харин байгууллагын зээлийн чанаргүйдэл 0.1 нэгж хувиар буурчээ.

Шинээр олгосон зээлийн хэмжээ өмнөх улирлаас 40 хувиар буурч 4.2 их наяд төгрөгт хүрсэн байна.

2017 оны 4-р улирлаас 2018 оны 1-р улиралд дунджаар 3.6 их наяд төгрөгийн зээл шинээр гаргаж байсан бол сүүлийн 3 улиралд дунджаар 6.1 их наяд төгрөгийн зээлийг шинээр гаргасан байна.

Эдийн засгийн өсөлт сайн байгаатай холбоотой банкуудын зээл олголт 2018 онд огцом нэмэгдсэн хэдий ч хэрэглээний зээлд өр-орлогын харьцааны дээд хязгаарлалт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээр нэгдүгээр улиралд шинээр олгосон зээлийн хэмжээ эрс буурчээ.

 

Шинээр олгосон зээлийн:

  • 29 хувийг худалдааны салбарт /1.3 их наяд төгрөг/,
  • 6 хувийг боловсруулах салбарт /264 тэрбум төгрөг/,
  • 4 хувийг барилгын салбарт /160 тэрбум төгрөг/,
  • 3 хувийг уул уурхайн салбарт /143 тэрбум төгрөг/ олгосон байна.

 

 

Статистик эх сурвалж: Монголын Банкны Холбоо