Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хэдхэн минутын түүхийн хичээл сонссон Трамп АНУ-ын уламжлалт бодлогыг эргүүлсэн шийдвэр гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутаг болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн билээ.

Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн байр суурины эсрэг, АНУ-ын сүүлийн 50 жилийн гадаад бодлогыг эргүүлсэн гэнэтийн цочир шийдвэр байв.

1967 оны зургаан өдрийн дайны үеэр Израйль улс Голаны өндөрлөгийг Сириэс булаан авсан юм. Гэвч энэ үйлдэл нь олон улсын дэмжлэгийг аваагүй ажээ. Трампын гэнэтийн шийдвэр нь авлигын дуулианд холбогдож, удахгүй болох сонгуульд ялах магадлал муутай байгаа холбоотон Бенжамин Нетаньяхуг дэмжих зорилготой байв.

Өнгөрсөн Бямба гарагт Трамп бүгд найрамдах намын жүүдүүдийн чуулга уулзалтад оролцож үг хэлэхдээ энэхүү шийдвэрийг хэрхэн гаргаснаа тайлбарлан ярьсан байна.

Тухайн үед Трамп өөрийн хүргэн, зөвлөх Жаред Кушнер, АНУ-аас Израйльд суух элчин сайд Дэвид Фридман, түүний израйль зөвлөх Жэсон Гринблат нартай огт өөр асуудлаар утсаар ярьж байгаад гэнэт Голаны өндөрлөгийн асуудал руу оржээ.

Трамп энэ үеэр “Нөхдөө, надад туслаач. Надад маш хурдан түүхийн хичээл зааж өгнө үү. Умард Солонгос, Хятад гээд надад асуудал олон байна. Тиймээс аль болох товчхон ярьж өгөөч” гэж бусдаасаа асуусан байна.

Тэдний тайлбарыг сонссоны дараа Трамп элчин сайд Фридманаас “Голланы өндөрлөгийг Израйлийнх гэж хүлээн зөвшөөрвөл ямар вэ?” гэж асуужээ.

Гэнэтийн саналд нь тулгамдсан ч Фирдман уухайн тас хүлээж авснаар Трамп шийдвэр гаргахаар болсон байна.

Энэ түүхээ ярьж өгсөн Трамп “Бид маш хурдтайгаар, маш зөв шийдвэр гаргасан” хэмээн бахархалтай хэлэхэд танхимд суусан хүмүүс нижигнэтэл алга ташжээ.

Өнгөрсөн Бямба гарагт Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэрвээ дахин сонгогдвол Йордан голын баруун эрэг дэх жүүдүүдийн суурьшлын бүсийг өөртөө нэгтгэнэ гэж амласан юм.

Энэ хэсэгт бараг гурван сая палестин хүн амьдардаг, Палестины төр улсын гол зүрх болох газарт тооцогддог. Нетаньяхугийн энэ мэдэгдлийн дараа Палестины албаныхан Трампын шийдвэр Израйлийн эрх баригчдад урам зориг өгснөөс ийм түрэмгий зан гаргах боллоо хэмээн шүүмжилжээ.

Бямба гарагт Трамп хэлсэн үгэндээ Нетаньяхуг “танай ерөнхий сайд” хэмээн Америкийн жүүдүүдэд ярьсан нь мөн маргаан үүсгээд байна.

 

Эх сурвалж: Huffington Post