Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Бямбадорж: Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба ажиллаж байх үед эрүү шүүлтийн асуудал багассан байсан

А.Намуун, iKon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Сүүлийн өдрүүдэд эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэсэн тухай асуудал Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд яригдаж, энэ асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс өчигдөр Монгол Улс дахь эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн нөхцөл байдал, Комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх албан ёсны мэдэгдэл гаргасан ба өнөөдөр мөн тус асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсад эрүүдэн шүүх асуудал 2014 оноос газар авч эхэлсэн
 
Гэрэл зургийг: MPA.mn

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Анх 2014 оны нэгдүгээр сарын 14-нд УИХ-ын 9 гишүүний санаачилгаар Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Тэр үеэс эхлэн манай улсад эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн гэж хэлж болно.

Улсын Ерөнхий прокурорын дэргэд ажиллаж байсан энэхүү Мөрдөн байцаах алба ажиллаж байх хугацаандаа сайн ажиллаж байсан, тухайн үеийн эрүү шүүлтийн асуудал багассан байсан юм.

Тухайлбал, тус алба 2002-2014 онуудад гэмт хэргийн талаар нийт 6,109 гомдол мэдээлэл хүлээн авч, шалгаснаас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан санал гаргаж, Прокурорт шилжүүлсэн 3,344 хэрэг, харьяаллын дагуу шилжүүлсэн 1,256 мөн Эрүүгийн хэрэг үүсгэсэн 2,109 хэрэгтэйгээр тус тус ажиллаж байсан гэсэн тоо байна.

Харин одоогийн гарч буй хэргийн дийлэнхэд нь гэмт хэргийн бүртгэлгүй, нотлогдоогүй гэсэн дүгнэлт гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.6-д "Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна" хэмээн заасан байдаг ч үүнийг албан тушаалтнууд эсрэгээр нь хэрэглэж байна.

Тухайлбал, эхнэр, хүүхэд, гэр бүлийнхнийг чинь авчирч хорино гэх сүрдүүлгийг маш ихээр ашиглах болсон нь манайд ирсэн хэргүүдээр харагдаж байна.

Мөн тус хуулийн 25.1.2-т "Мөрдөгч мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд авна. Шаардлагатай бол мэдүүлгийг тухайн хүний байгаа газарт очиж авч болно" гэж заасан байдаг. Үүний дагуу улсын Ерөнхий прокурорын шаардлага хангасан өрөөний тухай тушаал гарсан байдаг.

Тус тушаалд шаардлага хангасан өрөөг "Дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг мэдүүлэг өгч буй хүнийг бүтэн харагдах байдлаар тохируулах ба мөрдөгчийн хөдөлгөөн бичлэгийн төхөөрөмжийн өнцгийг хаахгүй байх, мэдүүлэг өгч буй хүний нүүр, царай болон үйл хөдлөлийг бүрэн хэмжээгээр тусгах зорилгоор нэмэлт төхөөрөмж суулгаж болно" хэмээн заасан байдаг. Хэрэв үүнээс бусад тохиолдлоор мэдүүлэг авч, мөрдсөн тохиолдолд эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг. Гэвч харамсалтай нь энэ заалт ихэнх аймаг, сумдад үйлчлэхгүй байгааг бид харж байна" хэмээсэн юм.

Мэдээллийн дараагаар ХЭҮК-ын зүгээс сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Өмнө хүнийг эрүүдэн шүүхэд тусгай сандал ашиглаж байна гэсэн асуудал гараад байсан.  Энэ сандал одоо ашиглагдаж байгаа юу?

Эрүүдэн шүүх ажиллагаанд ашиглах гэж байсан бүх сандлыг эргэн татуулсан байдаг
 
Гэрэл зургийг: MPA.mn

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг "Хэдэн жилийн өмнө бид хөдөө орон нутагт шалгалтын ажлаар явж байхад цагдаагийн байгууллагын хашаан дотор эрүүдэн шүүх сандал ашиглахад бэлэн болгосон байсныг нь олж харсан. Эдгээр сандал нь аймаг болон дүүргүүдэд хуваарьлагдаж ирсэн гэсэн мэдээлэлтэй байсан. Сандал нь хүний гар, хөлийг хөдөлгөөнгүй барьж, газарт бэхлэх зориулалттай юм.

Бид тухайн үед ажиллаж байсан ХЗДХ Сайд С.Тэмүүжинд Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцыг зөрчиж байна гэх үндэслэлээр хүсэлт тавьж, бүх сандлуудыг татуулсан байгаа" гэсэн юм.

-Нууцын зэрэглэлтэй эсвэл эрүүдэн шүүсэн гэх бичлэгүүдэд ХЭҮК хяналт тавьж, үзэх боломж байдаг уу?

-Бид олон улсад хүлээсэн үүргийн дагуу камерыг шалгаж болно. Гэхдээ нууцын зэрэглэлтэй асуудалд орох эрхгүй. Учир нь нууцын зэрэглэлд буй тус хэрэгт зөвхөн нэр бүхий прокурор, мөрдөн байцаагч нарыг оруулдаг журамтай. Бусад цагдан хорих төв, хорих ангиуд дээр ямар нэгэн маргаан үүссэн тохиолдолд бид үзэх эрхтэй байдаг.

-С.Зориг агсны хэрэг 2014 онд шалгагдаж эхэлж байх үед ХҮЭК-ийн зүгээс хэрхэн ажиллаж байсан вэ?

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Тухайн үед бид буруутган хоригдсон хүмүүсийн гэр бүлийнхэнтэй уулзаж, зөвлөгөө өгч ярилцаж байсан.

Мөн Ц. Амгаланбаатар 2016 онд бидэнд хэрхэн эрүүдэн шүүж, мөрдсөн талаар хоёр нүүр захидал гараараа бичиж ирүүлсэн байдаг. Тус захидлын нэг хувийг ҮАБЗ-д тэр илгээсэн ч эргүүлээд манайд шилжүүлсэн" хэмээн хариуллаа.