Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Сант” сургууль үнэмлэхүй амжилт гаргаж, Сүхбаатар дүүргийн олимпиадаас 77 медаль хүртлээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 3 сарын 24
iKon.MN
 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын ивээл дор, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан дүүргийн олимпиадад амжилт гаргасан сурагчдад гуравдугаар сарын 22-нд буюу Баасан гарагт медалийг нь гардууллаа. Сүхбаатар дүүргийн тэргүүний 2 дугаар сургууль дээр зохион байгуулсан уг арга хэмжээнд дүүргийн олимпиадад амжилт гаргасан 309 сурагч, 48 багш хүрэлцэн ирж медаль болон удахгүй болох Нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авсан юм.

График, СБД-ийн хэмжээнд медалийн тоогоороо тэргүүлсэн гурван сургууль, 

 

Улсын чанартай олимпиадын өнгийг Сүрбаатар дүүрэг тодорхойлдог нь бичигдээгүй хууль шахам болсон. Учир нь тус дүүрэгт Улсын тэргүүний Нэгдүгээр дунд сургууль, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургуулиас эхлээд улсдаа толгой цохидог сургуулиуд харьяалагддаг. Тэгвэл дүүргийн олимпиадын өнгийг “Сант” сургууль тодорхойлох болсныг хамгийн сүүлд болсон энэ удаагийн олимпиадын амжилтуудаас нь харж болохоор байна.

Сүхбаатар дүүргийн олимпиадад төрийн болон хувийн хэвшлийн 45 дунд сургуулийн 3,000 гаруй сурагч оролцсноос 24 сургуулийн 309 сурагч медальт байрт шалгарчээ. Харин ийнхүү шагналт байранд орсон 309 сурагчийн 77 нь “Сант” сургуулийн сурагчид байв. Өөрөөр хэлбэл, тус сургууль нийт медалийн 25%-ийг дангаараа авч, бусад сургуулиас хол тасархай амжилт үзүүлжээ.

“Сант” сургуулийн сурагчдын гаргасан амжилтаас харвал зөвхөн математик, физикийн олимпиадад тэргүүлээд зогсохгүй хими, биологи, түүх, нийгэм, газар зүй, англи хэл гэхчлэн бүх хичээлд жигд сайн оролцсныг онцлох нь зүйтэй. 
 

Багш нар ч мөн амжилтаар хоёрт жагсаж, тус сургуулийн найман багш шагнал хүртсэн юм. Энэ талаар “Сант” сургуулийн Математикийн багш Д.Ганчимэг “Манай сурагчдын амжилтын гол үндэс нь бид бага ангиас нь эхлээд хүүхдүүд, эцэг, эхчүүдтэйгээ нягт хамтарч ажилладаг. Хоёрдугаарт, хүүхдүүд маань хүсэл сонирхлоороо, ямар салбараар өөрийгөө хөгжүүлэхээ сонгож авдаг. Энэ нь жилийн жилд манай хүүхдүүд бүх хичээлд жигд амжилт гаргаж буйн гол учир юм” гээд “Багш, сурагчгүй л бид адилхан хөгждөг. Яагаад гэвэл мэдээлэл, техник технологи хөгжсөн энэ цаг үед багш хүн жаахан л алгуурлахад хүүхдээсээ хоцорчихно. Хүүхдүүд маань жилээс жилд өмнөхөөсөө илүү мэдлэгтэй, зорилготой, туршлага судалчихсан, улам ихийг хийх эрмэлзэлтэй болсон байдаг байгаа тул багш бид ч илүү ажиллаж, зогсоо зайгүй суралцах хэрэгтэй болж байгаа юм” хэмээн ярьсан юм.

“Сант” сургуулийн төгсөгчид дэлхийн томоохон нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцаж буй нь доод ангийн сурагчдад тэмүүлэл бий болгож байгааг Д.Ганчимэг багш мөн тодотгов. Тухайлбал, дэлхийн тэргүүлэгч MIT сургуульд “Сант” сургуулиас зургаа дахь төгсөгч энэ жил элсчихээд буй юм. Шилдэг их, дээд сургуульд суралцсан төгсөгчид төрөлх сургуульдаа ирж, дүү нартаа туршлагаа хуваалцан, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлийг нь төрүүлж өгдөг нь ийнхүү сурагчид сонгосон хичээл бүртээ амжилт гаргаж, дүүрэг, нийслэл, улс, олон улсын олимпиадын шагналтнууд болох үндэс болдог ажээ.

 

Сүхбаатар дүүргийн хувьд ч боловсролын салбартаа улам анхаарах болсныг медаль гардуулах үеэр тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн хэлсэн юм. Тэрбээр “Сүхбаатар дүүрэг боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмж, 2019 онд 3.9 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Энэ нь хүүхдүүд та бүхний сурч боловсрох орчныг сайжруулахад дэмжлэг болох юм” гэлээ.

“Сант” сургуулийн хувьд ийнхүү олон медаль хүртэж, амжилт гаргасан нь багш, сургуулийн дэмжлэгтэй холбоотой хэмээн хүүхэд бүр онцолж байлаа. Харин улсын сургуулиудын хувьд энэ дэмжлэг хангалттай байдаггүйг зарим сурагч дурдсан юм. Тухайлбал, дүүргийн нийгмийн ухааны олимпиадаас мөнгөн медаль хүртсэн, нийслэлийн 6-р сургуулийн 9а ангийн сурагч П.Ариунгэрэл “Би дунд ангид орсноосоо хойш нийгмийн хичээлдээ дуртай болж эхэлсэн. Олимпиадын сэдэв стандартын дагуу, агуулгын хувьд гайгүй байсан. Харин олимпиадад бэлдэхийн тухайд хувийн сургууль биш учраас анги олдохгүй, багш нар маань завгүй жаахан хэцүү байсан. Гэхдээ манай багш сэтгэл гаргаад бэлдэж өгсөн. Манай сургуулиас 10 гаруй хүүхэд орос хэл, газар зүй, түүх, нийгэм зэрэг хичээлээр амжилттай оролцож, медаль авсан” гэсэн юм.

Ингээд Сүхбаатар дүүргийн олимпиадад амжилт үзүүлсэн “Сант” сургуулийн багш, сурагчдын сэтгэгдлийг хүргэж байна.

 

“Сант” сургуулийн Газар зүйн багш Б.Хишигдорж:

Энэ жил ес, 12-р ангийн тус бүр гурван хүүхэд бэлдэж, бүгдээрээ медаль хүртэж, нэг хүүхэд нийслэлийн олимпиадад оролцох эрх авсан. Өнгөрсөн жил манай 12-р ангийн сурагчид улсын газар зүйн олимпиадын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон.

Энэ удаагийн олимпиадын материал улсын олимпиадтай дүйх чанга агуулгатай байсан. Ийм хэмжээний даалгаврыг амжилттай биелүүлсэн нь улсын олимпиадын бэлтгэл боллоо гэж үзэж байна.

 

“Сант” сургуулийн 10в ангийн сурагч Л.Анар:

Би монгол хэл, түүх гэсэн хоёр хичээлээр олимпиадад ороод монгол хэлээр нийслэлийн олимпиадад орох эрхээ авсан. Түүхийн хичээлээрээ нэгдүгээр байр эзэлж, хоёр дахь жилдээ эрхээ авч байна.

Зургаа, долоодугаар ангидаа монгол хэлээр дүүргээс алт, нийслэлийн олимпиадаас мөнгө, алт авч байсан. Наймдугаар ангидаа өнжөөд түрүү жил аравдугаар ангийн олимпиадад дэвшиж оролцоод тавдугаар байр эзэлсэн. Багш нар маань сонирхолтой заадаг учраас түүхийн хичээлдээ дуртай. Бас багш нар маань биднийг үргэлж асууж байгаарай гэж захиж, асуулт асуухад хэзээ ч хойшлуулахгүйгээр зааж, сургаж өгдөг.

 

“Сант” сургуулийн 7г ангийн сурагч О.Энхсод:

Дүүргийн Математик, физикийн олимпиадаас хоёулангаар нь мөнгөн медаль хүртсэн. Жил бүр  олимпиадад амжилттай ордог. Цаашдаа физикийн хичээлээрээ түлхүү явна гэж бодож байгаа. Математик бол бүх зүйлийн тулгуур болж чаддаг. Харин физикээр юуг ч тайлбарлаж болдог учраас сонирхолтой, гоё санагддаг. Дуртай хичээлээ сонгоод олимпиадад ороход манай сургууль үргэлж дэмждэг.

 

“Сант” сургуулийн 12-р ангийн сурагч Б.Цог:

Би дүүргийн математик, мэдээлэл зүйн олимпиадад ороод математикаараа 12-р ангийн ангилалд алтан медаль авлаа. Мэдээлэл зүйн олимпиаддаа зургаадугаар байрт орж, нийслэлийн олимпиадад орох эрхээ авсан.

Багш нар маань бүх хичээлээ жигд, сайн заадаг. Мөн сургуульдаа бид олуулаа өрсөлддөг учраас амжилт нь илүү байдаг гэж боддог. Энэ удаагийн олимпиадын бодлогууд амархан байсан.

Миний хувьд физиктээ сайн болохоор инженер болно гэж бодож байгаа. Бусад сургуулийн төгсөгчдөдөө хандаж хэлэхэд шалгалтуудаа сайн өгөөрэй. Тэгвэл цаашдаа амьдрал чинь илүү өнгөлөг, гэгээлэг байна гэж захимаар байна.

 

“Сант” сургуулийн 12-р ангийн сурагч Э.Мөнхбаяр:

Уг нь бага ангиасаа физикийн олимпиадад оролцдог байж байгаад энэ жил монгол хэлний олимпиадад оролцсон. Нийгэмд хандаж, хүүхдүүдийг уриалсан үйл ажиллагаанд оролцох дуртайн дээр энэ жил “Цахим өсөлтийн зүй зохистой хэрэглээг бий болгох” гэсэн илтгэл, эссэ, сэтгэмжийн уралдаанд амжилттай оролцсон болохоор эссэ бичих чадвараа сайжруулахаар монгол хэлний олимпиадад орохоор шийдсэн.

Манай сургууль хүүхдүүдээ зөвхөн олимпиадад амжилттай оролцуулаад зогсохгүй цаашдын амьдрал, карьер гээд бүх зүйлд нь маш их анхаарч, хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг. Бидний амжилт эндээс үндэслэж гардаг.  

Техникийн хурдацтай өсөлт, хүмүүсийн өрсөлдөөн маш их байгаа XXI зуунд аль болох өөрсдийгөө маш сайн хөгжүүлээрэй гэж үеийнхэндээ уриалмаар байна. Бие биедээ тусалж, шинэ гэгээлэг нийгмийг бид бий болгох ёстой.

“Сант” сургуулийн 10-р ангийн сурагч А.Нямдаваа:

Дүүргийн мэдээлэл зүйн 12-р ангийн олимпиадад анги дэвшиж ороод алтан медаль авлаа. Өмнө жил мөн анги дэвшиж орсон учраас энэ жил илүү туршлагатай байлаа. Улсын олимпиадад амжилттай оролцох байх.

Багаасаа математикийн олимпиадаар бэлдэж байсан ч компьютерийн хичээлдээ сонирхолтой болохоор өнгөрсөн жилээс мэдээлэл зүйгээр бэлдэж эхэлсэн. Сургуулиараа маш их бахархаж байна.

 

“Сант” сургуулийн 12-р ангийн сурагч О.Бат-Эрдэнэ/ихэр/:  

Дизайн технологийн олимпиадад роботын төрлөөр ороод алтан медаль авлаа. Энэ төрөлд манай сургуулиас бас нэг хүүхэд, Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулиас дөрвөн хүүхэд орсон. Өмнөх жилийг бодоход энэ жил илүү хүнд даалгавар ирлээ. Алтан медаль авсандаа маш их баяртай байна.

Ер нь дуртай хичээлээ бага ангиасаа сонгохгүй бол ЭЕШ дөхөөд ирэхээр бас тулгамддаг юм байна. Хэрэв дуртай хичээлээ эрт сонгочихвол түүнтэйгээ холбоотой хичээлүүддээ сайжрах магадлал өснө. Жишээ нь дизайн технологи сонголоо гэхэд математик, физикийн хичээлтэй холбогдчихож байгаа юм.

Багш нар маань хүүхдүүдтэйгээ ойр ажиллаж, өөриймсөг ханддаг болохоор би сургуульдаа дуртай.

“Сант” сургуулийн 12-р ангийн сурагч О.Бат-Оргил/ихэр/:

Би дүүргийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн. Түрүү жил бас хүрэл медаль авсан. Одоо хотын олимпиадад орно. Мөн ирэх тавдугаар сард Азийн физикийн олимпиадад анх удаа оролцохоор бэлтгэж байна. Энэ олимпиадад манай сургуулиас дөрвөн хүүхэд явахаар болсон.

Манай сургууль физик, математикийн хичээлээр нэлээд өрсөлдөөнтэй байдаг. Учир нь дүүргийн олимпиадад нэг сургуулиас таван хүүхэд орохоор заачихдаг. Тэнд багтчихвал ер нь тухайн хичээлээрээ цаашаа хол явах нь баталгаатай. Багш нар ч чанартай заадаг.

Ер нь нэг чиглэлээр гүнзгийрч сурах нь дээр гэж боддог. Тэгэхгүй урсгалаараа, зөвхөн хичээлээ хийгээд л яваад байвал чадвараа нээж илрүүлээгүй байтал 12-р анги болчихно. Тиймээс хэрэв чадвараа сайн мэдэхгүй байвал олимпиадад ороод үзэх хэрэгтэй. Тэгээд чадаж байвал цаашаа өөрийгөө хөгжүүлээд, мэргэжлээ ч зөв сонгох боломжтой.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.