Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхтуяа: Ноос, ноолуураас шинэ материал гаргаж, эмнэлгийн орчинд хэрэглэх боломжийг судалж эхлээд байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага болох Жайка хоорондын 2014 онд байгуулсан иенийн хөнгөлөлттэй хэлэлцээрийн хүрээнд  БСШУЯ-наас хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл энэ жил тав дахь жилдээ үргэлжилж байгаа юм.

Энэхүү төсөл нь Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон Хамтарсан судалгаа гэсэн үндсэн гурван чиглэлээр хэрэгжиж байна. Энэ удаа зохион байгуулагдаж буй Хамтарсан судалгааны хөтөлбөр нь Монгол Улсын Их сургууль, ШУТИС-ийн инженер, технологи, байгалийн ухааны салбарын багшлах, хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн арга зүй, чадавхыг сайжруулах, Монгол Улсад судалгааны лаборатори болон гарааны бизнес байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Одоогоор дээрх хоёр сургуульд найман тэргүүлэх чиглэлийн хүрээнд 20 судалгааны багт нийт 400 орчим судлаачид Япон улсын их сургуулиудтай хамтран судалгааны ажил гүйцэтгэж, туршлага солилцон ажиллаж байгаа юм. Үүнд Япон улсын магистрын зэргийн хөтөлбөрт нийт 30, докторын зэргийн хөтөлбөрт нийт 57, зэргийн бус сургалтын хөтөлбөрт нийт 200 гаруй манай улсын багш судлаачид хамрагдаж, мэргэжлээ дээшлүүлээд буйг зохион байгуулагчид онцолж байлаа.

Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Хамтарсан судалгаа-Шинэ технологи" сэдэвт Монгол-Японы судлаачдын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газар, Япон улсын элчин сайдын яам, Жайка болон бусад олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд болон шинжлэх ухаан, бизнесийн байгууллагын төлөөлөл болон Япон улсын 30 гаруй доктор, профессор, судлаачид оролцож хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

 
Гэрэл зургийг: MPA.mn

Хоёр улсын судлаачид мэдээллийн технологи, уул уурхай, математик, программчлал, дронд суурилсан технологи, 3-D загварчлал, байгалийн нөөц болон био-инженер, сэргээгдэх эрчим хүч зэрэг дэвшилтэт технологийн салбаруудад хамтран судалгааны ажил гүйцэтгэж байгаа аж.

Дээрх судалгааны багуудын төлөөлөл болох ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн профессор Д.Энхтуяа "Энэхүү Монгол-Японы хамтарсан судалгааны хүрээнд ШУТИС дээр арван судалгааны баг байгуулагдан ажиллаж байна. Эдгээрийн нэг болох манай багийн хувьд шинэ материал гаргаж авах тал судалгаа гүйцэтгэн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд ноос, ноолууран материалыг гүнзгий судалж байгаа бөгөөд цаашид ноос, ноолуураас шинэ материалыг гарган авч, эмнэлгийн орчинд хэрэглэх судалгааг ийнхүү эхлүүлээд явж байгаа юм.

Дээрх ажлын хүрээнд манай сургуулиас Япон улсад таван хүн доктор мөн таван хүн мөн магистрын зэрэг хамгаалахаар явсан байна. Үүнээс харахад хоёр улсын хамтарсан энэхүү судалгааны ажил нь манай улсын боловсон хүчин бэлтгэх, олон салбарын технологийн түвшинг дээшлүүлэх, чанарыг нь сайжруулах, цоо шинэ материал, ашиглагдахуун гаргах зэрэг олон талын ач холбогдолтой юм. Цаашид төслийн хүрээнд мөн шинэ дэвшилтэт лабораторийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр төлөвлөж байна" хэмээлээ.