2019/09/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,670.87₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S30
12°
16:00
S32
12°
17:00
S32
12°
18:00
S32
10°
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Даариймаа: Нийлэг уут борлуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн уутыг зөвхөн хураах арга хэмжээ авч байна

О.Булган, iKon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN

Хүн худалдаж авсан нэг ширхэг гялгар уутыг ердөө 12 минут л ашигладаг ба хүмүүсийн хэрэглээд хаясан нийт уутны гуравхан хувь нь л дахин боловсруулагддаг. Түүнчлэн дэлхий дээр нэг л өдөрт хаягдаж буй нийт хог хаягдлын 30 хувийг гялгар уут дангаараа эзэлдэг байна. Үүнээс болж далай, тэнгис дэх амьтад олон мянгаараа үхэж, хуванцрын бохирдолд орсон уснаас бид эргүүлэн өөрсдөө хэрэглэж байгаа нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа билээ.

Тэгвэл манай улсын Засгийн газраас гаргасан "Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох" шийдвэр хэрэгжээд арав гаруй хоног болжээ. Гэвч энэхүү шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эсэх, нэг удаагийн нийлэг хальсан уут гэх тодотголд яг ямар уутыг хэлж байгаа зэрэгт олон нийтийн дунд төөрөгдөл үүсээд буй дүр зураг ажиглагдаж байна.

"Нийлэг уут" гэх тодотголд 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уут багтах ба эхний ээлжид зах худалдааны төвүүдэд өргөнөөр хэрэглэдэг, иргэдэд үнэ төлбөргүй хүнс бараа савлаж өгдөг уутнууд буюу та бидний хэлж заншсанаар "10-ын" уут, цэнхэр, улаан судалтай уутны хэрэглээг хориглож байна гэсэн үг юм.

Тэгвэл үүнтэй холбогдуулан бид энэхүү шийдвэрт хэрхэн хяналт тавьж, зохицуулж байгаа болон иргэд, аж ахуйн нэгжүүд хэрхэн мөрдлөгө болгож буй талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулсан юм.

НМХЕГ-ын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Даариймаа "Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас "Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох" шийдвэрийн хэрэгжилтэд хүнсний эрүүл ахуйн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар хяналт тавин ажиллаж байна.

Одоогийн байдлаар бид зөрчил илэрсэн тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д зааснаар "Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх" гэсэн заалтын дагуу "нийлэг" уут борлуулж буй иргэд, аж ахуйн нэгжийн уутыг зөвхөн хураах арга хэмжээ авч ажиллаж байна.

Үүнээс өөрөөр иргэдийг торгох, үйл ажиллагааг нь зогсоох зэрэг талаар ямар нэгэн хуулийн зохицуулалт хараахан гараагүй байгаа бөгөөд тус зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд нэмж оруулах хүсэлтийг бид гаргаад байна. Одоогийн байдлаар бид иргэдэд нийлэг уутыг хэрэглэхгүй байх "хэвшил" суулгахаар ажиллаж байна" хэмээлээ.

Мэргэжлийн хяналтын байцаагчид энэхүү шийдвэрт хяналт тавихын тулд микрометр багаж хэрэглэж байгаа бөгөөд энэхүү SHANGSHEN загварын микрометр багаж нь овор багатай, байцаагч нар өдөр тутам авч яваад хэрэглэх боломжтой бөгөөд 0-25мм зузааныг 0.001 нарийвчлалтай хэмждэг аж.
 

Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас яг ямар төрлийн уутыг "нийлэг" гэхэд хамруулж, ямар төрлийг нь хэрэглэхийг зөвшөөрч байгаа талаар ойрын өдрүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмж гаргах гэж буйгаа мөн мэдэгдлээ.

x