Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Гуравдугаар сарын 1-нээс нийлэг хальсан уутны зузааныг микрометр багажаар хэмжинэ

Г.Номин, iKon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар сарын 1-нээс нийлэг хальсан уутны хэрэглээг хязгаарлахтай холбогдуулан мэргэжлийн хяналтын байцаагчид микрометр багаж хэрэглэхээр болжээ.

Нийлэг хальсан уут хэмжигч SHANGSHEN загварын микрометр багаж нь овор багатай, байцаагч нар өдөр тутам авч яваад хэрэглэх боломжтой бөгөөд 0-25мм зузааныг 0.001 нарийвчлалтай хэмжих аж.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Стандарт хэмжилзүйн газраар нийлэг хальсан уут хэмжигч 15 багажинд баталгаажилт хийлгэн, тохирлын гэрчилгээ гаргуулсан байна.

Засгийн газрын 189 дүгээр тогтоолын хүрээнд ГУРАВДУГААР САРЫН 1-НЭЭС 0.035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглож байгаа. Тогтоолын хэрэгжилтийг мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад холбогдох байгууллагууд хангаж ажиллана.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээнд ашиглагдаж буй 300 гаруй төрлийн нийлэг уутанд хэмжилт хийжээ. SHANGSHEN загварын микрометр багажаар хийсэн хэмжилтээр 64.5 хувь нь шаардлага хангаж байжээ.

Өнөөдөр тогтоолыг хэрэгжүүлэх мэргэжлийн хяналтын байцаагчдад хяналт шалгалт хийх чиглэл өгөх зорилготой сургалт хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

 

Сургалт хэлэлцүүлгийг МХЕГ, НМХГ, ХМХА хамтран зохион байгуулж, аймаг, нийслэл, төв орон нутаг болон дүүргүүд дэх МХХ-ийн хүнсний чанар стандарт, эрүүл ахуй халдвар хамгаалал,мал эмнэлэг, ургамал хорио цээр, байгаль орчны хяналтыг хэрэгжүүлдэг улсын /ахлах/ байцаагчид хамрагдсан байна.

Сургалтын үеэр нийлэг хальсан уут хэмжигч микрометр багажаар худалдаа үйлчилгээнд нийлүүлэгдэж буй нийлэг уутнаас авсан загвар дээжид хийсэн хэмжилт, лабораторийн сорилтын дүнгийн талаар танилцуулга хийжээ.



Манай улс нийлэг хальсан уутны хэрэглээнийхээ 35 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Тогтоол хэрэгжсэнээр 0.035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг импортоор оруулах боломжгүй болох юм.

Нийлэг хальсан уутны хэрэглээг дэлхийд 60 гаруй улс хязгаарлаад байгаа аж.

 

Эх сурвалж: НМХГ