2018 оны зургаадугаар сард Засгийн газраас нийлэг уутны хэрэглээг хязгаарлах шийдвэр гаргасан. Уг шийдвэр гуравдугаар сараас хэрэгжих гэж байна.
Уг шийдвэр яг ямар уутанд хамаарах, хэрэгжилтийн явцад юунд анхаарахыг БОАЖЯ-ны Ногоон хөгжил бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булганаас тодрууллаа.
Тэрбээр "Засгийн газрын шийдвэрийн дагуу 0.035 мм буюу 35 микроноос нимгэн нэг удаагийн хэрэглээний нийлэг уутыг гуравдугаар сарын 1-нээс хэрэглэхгүй. Эхний ээлжинд зах худалдааны төвүүдэд хэрэглэж, иргэдэд үнэ төлбөргүй хүнс бараа савлаж өгдөг уутнууд буюу бидний нэрлэж заншсанаар 10-ын уут, цэнхэр, улаан судалтай уутны хэрэглээг хориглоно.
Цааш цаашдаа үйлдвэрлэгч, импортлогч нарт хариуцлагын тогтолцоо бий болгоход чиглэсэн эко төлбөрийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гараад явж байна. Тэр хүрээнд хог хаягдлын зонхилох хувийг эзэлдэг нэг удаагийн сав баглаа боодлыг тодорхой хэмжээгээр хориглох эсвэл төлбөртэй болгох замаар хэрэглээг хумьж, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэл барьж байгаа.
Дэлхийн 100 гаруй улс ямар нэгэн байдлаар нэг удаагийн нийлэг хальсан уутны хэрэглээг хязгаарлах зохицуулалт хийгээд явж байна" хэмээн тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!