Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

П.Баттулга: ШЕЗ-ийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусна

Б.Номин, Үндэсний шуудан
2019 оны 3 сарын 4
Үндэсний шуудан
Зураг зураг

“Оюуны инноваци" ТББ-ын судлаач, хуульч П.Баттулгаас шүүгчийн томилгооны асуудлаар тодрууллаа.

-Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт хийж байгаа. Ер нь шүүгчдийг томилох процессын хувьд ямар алдаа дутагдал ажиглагддаг вэ?

-Ерөнхийлөгч өнгөрсөн нэгдүгээр сард зарлиг гаргаж, Хяналтын шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшиж, томилогдсон О.Зандраа, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас сонгогдож, томилогдсон П.Батсайхан нарыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэдэг үндэслэлээр чөлөөлсөн байгаа. Энэ хоёр хүн хоёулаа 62 настай. Гэтэл анхаарал татаж байгаа зүйл нь Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-ийн дарга нь энэ хоёр хүнээс нэг насаар ах буюу 63 настай хүн байдаг. Ерөнхийлөгч ижил тохиолдолд хоёр гишүүнийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж чөлөөлчихөөд нэг гишүүнийг яагаад үлдээв гэдэг асуулт хуульчдын дунд анхаарал татаж байна.

Уг сурвалжаас нь яривал ШЕЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгч томилдог, чөлөөлдөг байх нь зарчмын хувьд зөв үү. Ерөнхийлөгч ШЕЗ-ийн санал болгосноор шүүгч нарыг томилдог, санал болгодог байгууллагаа өөрөө томилдог байх нь эрх мэдэл хуваарилах талаас нь харвал зохисгүй, буруу гэдэг асуудал 2013 оноос эхэлж яригдаж байна. Ер нь буруу гэдгийг дээр дурдсан жишээ нотолж байгаа. Өөрөөр хэлбэл, томилох чөлөөлөх нь Ерөнхийлөгчийн нөлөөлөл, үзэмжийн асуудал гэдэг нь харагдлаа.

-ШЕЗ-ийн хоёр гишүүнийг чөлөөлсөн гэлээ. Дараагийн гишүүдийг томилох хугацааг хэрхэн заасан байдаг юм бол?

-Шүүхийн захиргааны тухай хуулиар ШЕЗ нь дарга, дөрвөн гишүүнтэй байх ёстой. Бүрэн эрхийн хугацаа нь гурван жил, нэг удаа улиран сонгогдох зохицуулалттай. Одоо ажиллаж байгаа ШЕЗ-ийн хоёр гишүүн 2016 оны тавдугаар сард, нэг гишүүн нь 2016 оны нэгдүгээр сард томилогдсон байдаг. Тэгэхээр энэ гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард дуусгавар болно. ШЕЗ-ийн гишүүдийг Давж заалдах, Хяналтын, Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн, Хуульчдын холбоо, Хууль зүй, дотоод хэргийн сайдын санал болгосноор Ерөнхийлөгч томилдог.

Мөн гишүүд дотроосоо даргаа сонгож, Ерөнхийлөгчид санал болгож, дарга дөрвөн гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд нэгдүгээр сарын 15-нд Ерөнхийлөгч зарлиг гаргаж, хоёр гишүүнийг чөлөөлсөн гэдгийг дээр дурдсан. ШЕЗ-ийн гишүүн чөлөөлөгдсөн, ямар нэг байдлаар нас барсан зэргээр орон тоо гарсан бол 30 хоногийн дотор нөхөн томилох ёстой гэсэн хуулийн зохицуулалт бий.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Э.Батбаяр гэдэг хүнийг хуульд заасан хугацаанд нь санал болгож, Ерөнхийлөгч томилчихлоо. Одоо Хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс санал болгох нэр дэвшигч тодроогүй байна. Өөрөөр хэлбэл, Хуульд заасан хугацаа нь хэтэрчихээд байна. Үүнд Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 30 хоногт хуралдаж, томилуулах хүнээ Ерөнхийлөгчид санал болгох ёстой. Ямар шалтгаанаар хуульд заасан хугацаанаасаа хэтэрсэн нь тодорхой бус байна.

-Түүнээс гадна Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог ч томилохоос татгалзсан үндэслэлээ тайлбарладаггүй. Тэгэхээр хуулийг боловсронгуй болгох шаардлага байгаа болов уу?

-Ерөнхийлөгч шүүгч нарыг томилж байгаа нь бэлгэдлийн шинжтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, бусад эрх мэдлээс өндөр гэдгийг баталгаажуулж Монгол Улсын Төрийн тэргүүн шүүгч нарыг томилдог. Түүнээс хэн ч хамаагүй томилдог болчихвол шүүх эрх мэдэл хүлээн зөвшөөрөгдөх талаасаа зохимжгүй учраас ихэнх улсад Төрийн тэргүүн нь шүүгчдийг батламжилдаг. Үндсэн хуулийн агуулгаасаа ч бэлгэдлийн шинжтэй томилгоо юм.

Гэтэл практик дээр энэ нь өөрчлөгдөж, Ерөнхийлөгч томилж байгаа бол томилохгүй ч байж болох юм байна гэдэг асуудал гарч ирж байна. Ингэхээр хууль, тогтоомжоо боловсронгуй болгох асуудал руу орно. Жишээ нь, томилохгүй бол ямар үндэслэлээр томилохгүй байгаа юм. Томилоогүй тохиолдолд яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Судалгаанаас харахад ШЕЗ-өөс санал болгосон хүнийг томилохоос татгалзаж байгаа тохиолдолд Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан бичиг хүргүүлдэг. Албан бичигтээ “Ерөнхийлөгч энэ хүнийг томилохоос татгалзлаа. Өөр хүний нэрийг дэвшүүлнэ үү” гэдэг.

Харин үндэслэл нь байхгүй. Тэгэхээр энэ хүнийг яагаад томилоогүй вэ гэдэг асуудал тодорхой бус байдалтай, эргэлзээ, маргаан дагуулдаг. Тиймээс Ерөнхийлөгч томилохоос татгалзаж байгаа бол үндэслэлээ ил тод зарлах ёстой. Шүүгч гэдэг хүний амьдралыг шийддэг, хариуцлагатай албан тушаал. Тийм өндөр, хариуцлагатай албан тушаалтныг эс томилох үндэслэлээ тайлбарлахаас татгалзаж байгаа үйлдлийн цаана тухайн хүнд асуудал байна уу эсвэл өөр зүйл байна уу гэдэг нь тодорхой бус үлдэж байна.

-Нөгөө талаас шүүх засаглал Ерөнхийлөгчийн хараат болж байна гэх шүүмжлэл бий.

-Ерөнхийлөгчийн үзэмж шүүгчийн томилгоонд нөлөөлж байна гэдэг асуудал нэлээн дээр үеэс яригдаж байгаа. Дээр нь Шүүхийн захиргааны тухай хуулиар ШЕЗ-ийн дарга гишүүдийг Ерөнхийлөгч томилдог болсноор энэ нөлөөлөл бүр ихэссэн. Тиймээс ШЕЗ-ын дарга, гишүүдийг Ерөнхийлөгч томилдог зохицуулалтыг хүчингүй болгох хэрэгтэй. Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй эрх мэдлийг ердийн хуулиар олгосоор байгаад Ерөнхийлөгчийн эрх мэдлийг дэндүү өргөн болгосон гэдэг шүүмжлэлийн нэг жишээ нь энэ юм. Энэ эрх мэдлийг УИХ өгсөн. Тиймээс энэ зохицуулалтын нэн түрүүнд хүчингүй болгох хэрэгтэй. Мөн гишүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Таван гишүүн гэдэг харьцангуй бага. Бусад орны зохицуулалтыг харахад дунджаар 10 болон түүнээс дээш байдаг.

Зураг