Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хугацаа нь дуусаагүй хуулийн байгууллагын дарга нарыг хэрхэн огцруулдаг вэ?

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 2 сарын 25
iKon.MN

УИХ-ын нэр бүхий гишүүд ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдэх шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн билээ.

Тэдгээр шаардлагын дунд хуулийн байгууллагын удирдлагуудыг яаралтай огцруулахыг шаардсан заалт буй. Тодруулбал, шүүх, прокурор, АТГ, Үндсэн хуулийн цэцийн удирдлагууд хэмээн тодотгосон байна.

Тэгвэл дээрх албан тушаалтнуудыг ямар хугацаанд хаанаас томилогддог болон ямар шалтгаанаар чөлөөлөгддөг болохыг тодрууллаа. 

 

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал

 

Хэзээ томилогдсон: 2016 оны долоодугаар сарын 8 

Томилгоо: Энэхүү албан тушаалтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурлаас томилно

Бүрэн эрхийн хугацаа: Зургаан жил

Чөлөөлөх үндэслэл:

  • өөрөө хүсэлт гаргасан,
  • биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон,
  • бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон

Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан 

 

Хэзээ томилогдсон: 2015 оны хоёрдугаар сарын 13

Томилгоо: Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно 

Бүрэн эрхийн хугацаа: Зургаан жил

Чөлөөлөх үндэслэл:

  • өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон, хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог албан тушаалд нэр дэвшсэн,
  • гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон,
  • эрүүл мэндийн байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг

 

Хэзээ томилогдсон: 2010 оны арваннэгдүгээр сарын 5-нд томилогдон бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж дахин 2016 оны арванхоёрдугаар сарын 5-нд томилогдсон 

Томилгоо: Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно

Бүрэн эрхийн хугацаа: Зургаан жил

Чөлөөлөх үндэслэл: 

  • Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна
  • Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж болно
  • ШЕЗ-ийн саналыг үндэслэн шүүгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож чөлөөлнө /Шүүгчийн чөлөөлөх тухай Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан байдаг/

Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл

 

Хэзээ томилогдсон: 2017 оны арваннэгдүгээр сарын 1 /2011-2013 онд тус газрын даргаар ажиллаж байсан/

Томилгоо: Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосноор Засгийн газраас томилно 

Бүрэн эрхийн хугацаа: Зургаан жил

Чөлөөлөх үндэслэл: 

  • өөрөө хүсэлт гаргасан,
  • биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон,
  • бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр

 

Хэзээ томилогдсон: 2017 оны зургаадугаар сарын 14

Томилгоо: Цэцийн даргыг Цэцийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн сонгоно

Бүрэн эрхийг хугацаа: Гурван жил /Нэг удаа улируулан сонгож болно/

Чөлөөлөх үндэслэл: 

  • Цэцийн гишүүний бүрэн эрх нь Улсын Их Хурлаас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно
  • Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно.