Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг нээлттэй компани болгож, дарханчуудад өгөөж хүртээхийг шаардав

Т.Саран, iKon.mn
2019 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Байгалийн баялгийн өгөөжийг хүртэж чадахгүй, орлогоос нь орон нутагт хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа талаар Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл болсон таван төрийн бус байгууллага өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг бодлогоор дэмжиж, хөгжүүлэх зорилгоор Засгийн газар 2006 онд “Кью Эс Си” компанид 30 жилийн хугацаатай, концессын гэрээгээр хувьчилсан билээ. Ийнхүү менежмнтийн шинэчлэл хийхдээ “Кью Эс Си” компани таван үйлдвэр бүхий металлургийн цогцолбор барьж, 6,000 хүнийг ажлын байраар хангана хэмээн амалсан ч өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалт хийгээгүй төдийгүй Төмөртэйн ордын төмрийн хүдрийг сорчлон урд хөрш рүү хараа хяналтгүй зөөж байгааг Дархан-Уул аймгийн “Бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Г.Гантулга хэллээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр “Одоогийн  “Кью Эс Си” компани төмөрлөгийн үйлдвэрийг аваад таван жил ажиллалаа. Жилд 2 сая тонн буюу 90 гаруй сая ам.долларын хүдэр урд хөрш рүү гаргаж байна. Таван жилд дунджаар 450 сая ам.долларын орлого олсон хэдий ч металлургийн цогцолбор барих ажил яагаад явагдахгүй байна вэ? Үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт огт хийгдэхгүй байна. Ямар ч хараа хяналтгүй ажиллаж байна. Тиймээс нээлттэй компани болгохыг бид шаардаж байна” гэлээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн бус байгууллагууд 10 хоногийн өмнө  “Кью Эс Си” компанид захидал хүргүүлсэн бөгөөд дөрвөн шаардлагыг тавьсан талаар “Дархандаа сайхан амьдарцгаая” ТББ-ын тэргүүн Б.Мягмардаш мэдэгдэв. Үүнд:

  1. “Кью Эс Си” компани металлургийн цогцолбор барих ажилаа хэрхэн гүйцэтгэж байгаагаа танилцуулах
  2. Үйлдвэр байгуулна гэсэн баталгаа гаргаж өгөх
  3. “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийг олон нийтэд нээлттэй компани болгох
  4. Үйлдвэрийг хувьцааг Дарханы 100,000 иргэнд эзэмшүүлэх гэв.