Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монголоос Нобелийн шагналд нэр дэвшүүлэх зохиолчийн нэр тодроогүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“2019 оны Утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монгол Улсаас Зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр боллоо” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж эхлээд байгаа. 

Энэ талаар ШУА-ийн Хэл, утга зохиолын хүрээлэнгээс лавлахад Швед Улс дахь Нобелийн хорооноос Утга зохиолын салбарт зохиолчоо нэр дэвшүүлэх санал ирүүлсэн нь үнэн гэв. Харин яг хэнийг нэр дэвшүүлэхээ албан ёсоор тогтоогүй байгаа гэлээ. 

Тодруулбал, энэ оны нэгдүгээр сарын 31-ний дотор нэр дэвшигчийг тодруулж Нобелийн хороонд мэдэгдэх журамтай.

Харин түүнээс өмнө Хэл, утга зохиолын хүрээлэн болон мэргэжлийн байгууллагууд хамтран зөвлөлдөж, нэр дэвшүүлэх зохиолчоо тодруулах юм байна. Ингээд зохиолчийн нэрийг шуудангаар явуулах аж. 

Манай улсаас 2018 оны Утга зохиолын Нобелийн шагналд зохиолч, яруу найрагч Д.Урианхайг нэр дэвшүүлж байсан билээ. Гэвч өнгөрсөн жил Нобелийн хорооноос олон нийтийн итгэлийн алдсан гэдэг үндэслэлээр Утга зохиолын салбарын шагналтныг тодруулаагүй. Тухайн үед 2018 оны шагналтныг 2019 оны шагнал гардуулах үеэр хамт зарлана гэж мэдэгдэж байсан юм.