Утга зохиолын төрөлд Нобелийн шагнал олгодог Шведийн Академид үүссэн дотоод хямралын улмаас 2018 оны шагналтныг энэ онд тодруулахгүй байх шийдвэр гарлаа.
2018 оны шагналтныг 2019 оны шагналтныг тодруулахдаа хамт зарлахаар хойшлуулж байгаа юм.
1901 оноос хойш утга зохиолын Нобелийн шагналыг цөөн хэдэн удаа олголгүй өнгөрч байв. Энэ жил олон нийтийн итгэлийг алдсан гэдэг шалтгаанаар ийм шийдвэр гаргаснаа Шведийн Академи тайлбарлажээ.
Түүхэнд зөвхөн дэлхийн дайнуудын үед зургаан жил шагнал олголгүй алгасч байсан ба 1935 онд шагнал авах хүн тодроогүй шалтгаанаар мөн алгасч байв.
Хямрал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлж, Шведийн Академиас санхүүждэг урлагийн төслийн ахлагч, Францын гэрэл зурагчин Жан Клод Арногийн эсрэг 18 эмэгтэй бэлгийн дарамтын гомдол мэдүүлсэн юм.
Тэдэнтэй холбоотой зарим хэрэг явдал Шведийн Академийн эзэмшил байранд болсон нь илэрч, байдлыг улам дордуулсан байна.
Дараа нь зурагчны эхнэр, зохиолч, яруу найрагч Катарина Фростенсоныг шагналын хорооны хуралдаанд оролцуулахгүй байх асуудал яригдахад хорооны гишүүд санал хуваагдаж, хагаралджээ.
Фростенсоныг эрх ашгийн зөрчилтэй гэж үзсэнээс гадна шагнал авах хүний нэрийг цагаас нь өмнө задруулж байсан хэргээр буруутгаж байв.
Гэвч энэхүү хагарлаас үүдэлтэйгээр Нобелийн шагналын хорооны дөрвөн гишүүн огцрох хүсэлтээ дараалан гаргасны дотор хатагтай Фростенсон болон Академийн тэргүүн, профессор Сара Даниус байсан юм.
Одоо цаана нь Нобелийн шагналын хороонд 11 гишүүн үлдээд байна. Тэдний нэг Керстин Экман 1989 оны Салман Рушдийн маргаанаас хойш эсэргүүцлээ илэрхийлж, хорооны ажиллагаанд оролцохоо больсон юм.
Британий найрагч Салман Рушди нь зохиолдоо Исламын шашныг доромжилсон шалтгаанаар Ираны шашны тэргүүнээс эчнээ алах ял сонсоод байв. Тухайн үед Салман Рушдид алах ял оноосонд харамсаж байгаагаа Шведийн Академи илэрхийлэхээс татгалзаж байжээ.
Хороо шинэ гишүүн сонгохын тулд доод тал нь 12 гишүүнтэй хуралдах ёстой. Шведийн Академийн гишүүд бүх насаараа сонгогддог ба өөрийн хүсэлтээр гарах боломжгүй, зөвхөн хорооны ажиллагаанд оролцохгүй байж болдог.
Шведийн хаан Карл XVI Густаф энэ дүрмийг өөрчилж, гишүүдийг албан ёсоор чөлөөлөгддөг болгох гэж байгаагаа саяхан зарласан юм.
Дээрх шалтгааны улмаас 2018 онд Нобелийн утга зохиолын шагналын эзнийг тодруулалгүй өнгөрч, 2019 онд зарлахдаа хамтад нь нөхөж зарлахаар боллоо.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!