Ши Жиньпиний нэрээр нэрлэгдсэн Өмнөд Солонгосын ресторан Хятадын иргэдийн халдлагад өртжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын нэг хотод оршдог Ши Жиньпиний нэрээр нэрлэгдсэн ресторанд Хятадын иргэдээс бүрдсэн бүлэг хүмүүс халдаж, дараа нь шууд эх орон руугаа зугтсаныг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Сөүл хотын өмнөд хэсэгт орших Соннам хот дахь тус рестораны хяналтын камерт есдүгээр сарын 24-ний үүрээр нүүрээ халхалсан дөрвөн эрэгтэй нэвтэрч ороод тавилгыг нь эвдэж, будаг цацаж буйг харуулсан дүрс бичигдсэн байна.

Рестораны эзэн орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Өмнөд Солонгос дахь Хятад хоолны хамгийн шилдэг ресторан болохыг хүссэн" учраас Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний нэрийг сонгосноо тайлбарлаад үүнд ямар нэгэн улс төрийн зорилго байгаагүйг онцолжээ.

Тус ресторан найман жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа ч сүүлийн нэг жилийн хугацаанд л нэрээ солих шаардлагатай тулгарч эхэлсэн тухай "The Chosun Daily" сонин мэдээлсэн байна.

Өмнөд Солонгост болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин оролцох тухай мэдээлэл гарсны дараа буюу өнгөрсөн оны наймдугаар сард нэрээ солихыг шаардсан олон арван утасны дуудлага хүлээн авснаа эзэн нь ярьжээ. Зарим хүмүүс бүр мөнгө санал болгож байсан гэнэ.

"Хятадад бизнес эрхэлдэг гэх хүмүүс нэрээ сольсон тохиолдолд их хэмжээний мөнгө өгөх санал тавьж байсан" гэж тэрбээр ярьсан бөгөөд тэд маш тууштай шаардаж байсныг дурсжээ.

Энэ оны дөрөвдүгээр сард хэн нэгэн тус рестораны цэсэнд буй "Ши Жиньпиний тусгай будаа" (Xi Jinping Special Rice) хэмээх хоолны нэрийн талаар Өмнөд Солонгосын оюуны өмчийн газарт гомдол гаргасан боловч ямар нэгэн зөрчил илрээгүй тул үл хэрэгссэн байна.

Рестораны эзэн өнгөрсөн долоо хоногт болсон халдлага нь сүүлийн нэг жилийн хугацаанд тохиолдсон хамгийн ноцтой хэрэг байсныг хэлээд эд хөрөнгийн хохирол ойролцоогоор 15 сая вон ($11,100) хүрсэн гэж орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Халдлагын дараа "Ши Жиньпин" ресторан таван өдрийн турш хаалттай байсан бөгөөд Мягмар гарагт дахин нээгдсэн юм байна. Эзэн нь одоо багийнхантайгаа хамтран рестораныхаа шинэ нэрийг сонгохоор судалж байгаа гэнэ.

Цагдаагийн байгууллагаас Мягмар гарагт мэдээлснээр сэжигтэн дөрвөн хүн нь 20-40 насны Хятад улсын харьяат эрэгтэй хүмүүс байжээ. Тэднийг халдлага үйлдсэнийхээ дараа Шанхай болон Шаньдун мужийн Янтай хотууд руу явсан гэж үзэж байгаа юм байна. Тиймээс Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага тэднийг эрэн сурвалжлахын тулд Интерполд хүсэлт гаргахаар төлөвлөжээ.

Цахим орчинд тархсан зургуудаас үзэхэд "Ши Жиньпин" (Xi Jinping) ресторан нь Хятад хоолны өргөн сонголттойгоос гадна Өмнөд Солонгос хоолнуудыг ч санал болгодог юм байна. Google-ийн хэрэглэгчид тус ресторанд таван одноос дунджаар дөрвөн одны үнэлгээ өгчээ.

 

Эх сурвалж: BBC