"Гермес төвийн нүхэн гарцны нөлөөллийн бүсэд өртсөн асуудлаар гурван компанитай тохиролцоонд хүрэхэд хугацаа шаардаж байна"
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гермес худалдааны төвийн урд хэсэгт баригдаж буй нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 73 гаруй хувийн гүйцэтгэлд хүрчээ.
Харин тодорхой саатал гарсан бөгөөд энэ нь “Од групп” ХХК болон “Глобал бридж” ХХК, Монгол Эксперс ХХК-ийн орц, гарц нөлөөллийн бүсэд өртсөнтэй холбоотойгоор талуудын хооронд тохиролцоонд хүрэхэд хугацаа шаардаад байгааг Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газраас мэдээлэв.
Тус гарц нь Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох нийт 0.7 км авто зам, төмөр замын доогуур нэвтрэх 38 метр урт, 12 метр өргөн нүхэн гарц, мөн явган зорчигч болон дугуйгаар зорчигчдод зориулсан замтай байхаар төлөвлөгджээ.
Нүхэн гарцыг ашиглалтад оруулснаар Геологийн төв лаборатори болон Гермес худалдааны төв орчмын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй огтлолцохгүй. Тухайн чиглэлийн хөдөлгөөний ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулна гэж тооцоолсон байна.
БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг эхлүүлсний нэг нь билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
