Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж, “Хермес” худалдааны төвийн урд хэсгийнх саатжээ

Д.Янжиндулам, ikon.mn
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Шинээр баригдаж буй нүхэн гарцуудын ажлын явцыг нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газраас танилцуулав. Төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалтын ажлын нийт явц 74 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

  1. Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лабораторийн орчимд хэрэгжүүлж буй нүхэн гарцын ажил 60 гаруй хувийн явцтай байна. Тус нүхэн гарц нь  Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох 1.48 км авто зам, бүх төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой 5 метр өндөр, 28 метр урт хоёр нүхэн гарцыг Улаанбаатар төмөр зам болон ТЭЦ-4-ийн салбар төмөр зам доогуур байгуулахаар төлөвлөн авто зам, замын байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.  Ингэснээр Геологийн төв лабораторийн одоогийн гурван замын уулзварыг дөрвөн замын уулзвар болгоно.
     
  2. Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Хермес” худалдааны төвийн урд хэсэгт баригдаж буй нүхэн гарцын бүтээн байгуулалт 73 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Уг гарц нь Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох бөгөөд төмөр бетон байгууламжийг түлхэн суурилуулах “box jacking” технологийн үндсэн ажил, хойд талын U суваг болон түшиц ханын ажил бүрэн дууссан.

    Урд хэсэгт “Од групп” ХХК, “Глобал бридж” ХХК-ийн орц, гарц төслийн нөлөөлөлд өртсөнтэй холбоотой асуудлаар талууд тохиролцоонд хүрээгүйгээс тодорхой хугацааны саатал үүсжээ.
зураг
 

Нүхэн гарцуудад авто замаас гадна явган зорчигч, дугуйтай иргэдэд зориулсан зам, гүүр, ногоон байгууламж, ус зайлуулах байгууламж зэрэг дэд бүтцийг хамтад нь төлөвлөж, төмөр зам болон авто замын хөдөлгөөнийг хоёр түвшинд зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг эхлүүлээд буй.

Харин нийслэлийн 2026 оны төсвөөс "Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих” төслийн нэмэлт ажилд 2024-2026 онд ₮9.1 тэрбум, төслийн техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээнд ₮3 тэрбум нийт ₮12.1 тэрбумыг зарцуулахаар баталжээ.