Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлын явц 39, Хермес төвийн урд хэсгийнх 68 хувьтай байна
Нийслэл хотод гурван байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих ажил үргэлжилж буй.
Барилгын ажлын явцын талаар НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж буй Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Явган хүний болон дугуйн замын ажил бүрэн дууссан бөгөөд нүхэн гарцын дээгүүр баригдах 90 метр урт явган хүний гүүрний шон, суурийн ажлыг бүрэн гүйцэтгэжээ. Одоогоор гүүрний металл хийцийн угсралтын бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд энэхүү нүхэн гарц ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбоно.
- Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох бөгөөд 28 метр урт, 5 метр өндөр туннель, 1.48 км урт авто зам, явган хүний болон дугуйн замыг цогцоор нь байгуулна. Нүхэн гарц ашиглалтад орсны дараа хоногт дунджаар 27.5 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай болж, нийслэлийн баруун бүсийн замын хөдөлгөөний ачааллыг эрс бууруулах боломж бүрдэнэ.
- Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Хермес” худалдааны төвийн урд хэсэгт хэрэгжиж буй нүхэн гарцын барилга угсралтын ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг гарц нь Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох бөгөөд төмөр замын доогуур урьдчилан бэлтгэсэн төмөр бетон байгууламжийг түлхэж суурилуулах box jacking технологийн үндсэн ажлыг бүрэн дуусгасан. Одоогоор авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлууд үргэлжилж байгаа аж.
БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг эхлүүлээд байгаа юм.
Харин нийслэлийн төсвөөс "Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих” төслийн нэмэлт ажилд 2024-2026 онд ₮9.1 тэрбум, төслийн техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээнд ₮3 тэрбум нийт ₮12.1 тэрбумыг зарцуулахаар баталжээ.
Нүхэн гарцуудын барилгын явцыг харуулсан зургууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
