Хермесийн нүхэн гарцын барилга угсралт 50 хувьд хүрсэн бол Геологийн төв лаборатори орчмын ажил эхлээгүй байна
Геологийн төв лаборатори орчимд 28 метр урт, 5 метр өндөр туннель бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөж буйг мэдээлээд байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 21 нэгж талбарыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бэлтгэлийг хангажээ.
Харин Хермес худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 50 хувьд хүрчээ. Төмөр замын доогуур нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцийг түлхэх технологиор (Box Jacking) байршуулсан бол авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа аж. Тус нүхэн гарц нь Нарны замыг Дунд гол буюу Тээвэрчдийн гудамжны авто замтай холбох бөгөөд 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байгууламж баригдана.
Тус нүхэн гарц ашиглалтад орсноор гол болон туслах замын сүлжээний уялдаа холбоо сайжирч, хоногт 31,000 орчим автомашин нэвтэрнэ гэж тооцоолжээ.
БНХАУ-ын "ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлээр 2024 оноос нийслэл хотын дөрвөн байршилд нүхэн гарц барих төслийг эхлүүлээд байгаа юм.
Харин нийслэлийн төсвөөс "Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих” төслийн нэмэлт ажилд 2024-2026 онд ₮9.1 тэрбум, төслийн техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээнд ₮3 тэрбум нийт ₮12.1 тэрбумыг зарцуулахаар баталсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



